БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ЭНЭ ОНД 50 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГТЭЙ БОЛНО

Видео
montastudio@montsame.gov.mn
2018-07-25 18:45:46
Баянзүрх дүүргийн 9-р хороонд БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын ажлыг өнөөдөр эхлүүлж, шав тавив.

Тус эмнэлэг нь хүүхдийн бүх төрлийн өвчлөлийг оношилж эмчлэхээс гадна, шүд, эрүү нүүр зэрэг бусад төрлийн эмчилгээ үйлчилгээг ч бас үзүүлэх юм. Он дуусахаас өмнө ашиглалтад орж, ирэх оны нэгдүгээр сараас нийслэлийн өмчид шилжин үйл ажиллагаа явуулж эхлэх болно. Шав тавих ёслолд НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон БНХАУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн зөвлөх Ли Ян Жюн  нар оролцлоо.
Баянзүрх дүүрэг нь 300 гаруй мянган хүн амтай нийслэлийн томоохон дүүрэг тооцогддог төдийгүй, Монгол Улсын нийт хүн амын 10 орчим хувийг эзэлдэг байна. Тиймээс сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүрэлцээ хангалтгүй гэдгийг тус дүүргийн оршин суугчид хэлж байлаа. Энэхүү хүүхдийн эмнэлэг нь Энхтайван хөгжлийн сантай хамтран Баянзүрх дүүрэг төдийгүй нийслэлд хийгдэж буй гурав дахь томоохон бүтээн байгуулалт болно.

Холбоотой мэдээ