Чингэлтэй дүүрэгт шатар, даам, хөгжим сонирхогчдын клубууд ажиллаж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-07-25 16:26:21
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтсийн дэргэдэх “Залуучуудын хөгжлийн төв”-д амьдрах ухаан, хувь хүний хөгжил болон түүхэн сэдэвт 100 номтой уншлагын танхим, шатар, даам, хөгжим сонирхогчдын клубууд ажиллаж эхэллээ.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар “Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийг өнгөрсөн оны гуравдугаар сард нээн, үйл ажиллагааг нь эхлүүлж байсан юм.

Тус төвийн дэргэд БНСУ-ын Засгийн газрын агентлаг,  Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын санхүүжилттэй “Эм Кэй Ай Ти” /MKIT/ мэдээллийн технологийн сургалтын төв байгуулсан. 2017 оноос өнөөдрийг хүртэл тус төвд 2638 залуучууд суралцах хүсэлтээ өгч, бүртгүүлсэн байна. Сургалт явуулах орчны хүртээмжээс хамааран 1835 залуусыг мэдээллийн технологийн сургалтын төвд хамруулснаас 611 нь амжилттай төгсөж, 20 иргэнийг инкубатор төвөөр дамжуулан бойжуулж, 45 залуусыг ажлын байранд холбожээ.

Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс мэдээллийн технологийн нарийн мэргэжил эзэмших хүсэл сонирхолтой, дүүргийнхээ залуучуудад зориулан сургалтын төвийг нээж, компьютерийн үндсэн хэрэглээний зургаан төрөлт хичээлийг өнөөдрөөс эхлэн явуулах аж. "MKIT" сургалтын төвийг жишиг болгон, тус сургалтын төвийн хичээлийн хөтөлбөрийг бүрэн нэвтрүүлж ажиллах юм байна. 

Энэхүү үйл ажиллагааны нээлтэд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын Захиргааны хэлтсийн дарга Н.Мандуул, Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Цэцэгээ нар оролцов. Мэдээллийн технологийн сургалтад хамрагдаж, “A” үнэлгээтэй төгссөн залуучууд “Бизнес инкубатор төв”-д элсэж, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой.


Холбоотой мэдээ