Хушаатынхан ургацын баяраа хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Хушаат сумаас бэлтгэсэн багц мэдээ
Элит үрийнхэн сумандаа хөрөнгө оруулалт хийсээр
Сэлэнгэ аймгийн Хушаат суманд үйл ажиллагаагаа явуулдаг, Улсын хэмжээнд төмсний элит шилдэг сортуудыг үржүүлдэг "Элит үр" ХХК-ийн хамт олон орон нутагтаа хөрөнгө оруулалтыг нэлээд хийдэг аж.
Тус компанийн зүгээс улс орны эдийн засаг хямралтай байгаа энэ үед бусад нөхөддөө дэм болох зорилгоор сумынхаа ЕБД сургуульд 3.0 сая төгрөгийн, цэцэрлэгт 1.0 сая төгрөгийн, хүн эмнэлэгт 1.0 сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлэхээр болсон байна.
Хушаатчууд газар тариалангийн үйлдвэрлэлийн ажлаа дүгнэлээ
Сэлэнгэ аймгийн Хушаат сум 2015 оны газар тариалангийн үйлдвэрлэлийн ажлаа дүгнэн “Ургацын баяр-2015”-аа хийж, 8 номинациар шилдэг тэргүүний ААН, тариаланчдыг шалгаруулан урамшуулжээ.
"Хамгийн их үр тарианы ургац хураан авсан ААН" номинацид "Өгөөж мандал уул" ХХК-ийн хамт олон, "Хамгийн их төмс, хүнсний ногооны ургац хураан авсан ААН" номинацид "Нью кроп" ХХК-ийн хамт олон, "Хамгийн олон төрлийн хүнсний ногоо тариалсан иргэн" номинацид С.Оросоо, "Хөрс хамгаалах, сайжруулах нөхөн сэргээхэд ахиц гаргасан ААН" номинацид "Момо-агро" ХХК-ийн хамт олон, Хамгийн их үр тарианы ургац хураан авсан механикжуулагч " /Нива ангилал/ номинацид "Голын өндөр" ХХК-ийн механикжуулагч Р.Бямбадаваа, / Жон Деер ангилал/ "Момо агро" ХХК-ийн механикжуулагч Л.Батбаяр, "Газар тариалангийн үйлдвэрлэлийн шилдэг үйлчилгээний ажилтан" номинацид "Голын өндөр" ХХК-ийн үтрэмийн ажилчин Г.Энхбаатар нар шалгарсан байна.
Эрүүл хүнс үзэсгэлэн худалдаанд Товууханы "Эзэгтэй" баг тэргүүллээ
Тус “Ургацын баяр”-ын үйл ажиллагааны хүрээнд "Эрүүл хүнс" хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гарсан байна.
"Эрүүл хүнс" хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд Амгалан ахлагчтай Товууханы "Эзэгтэй" баг тэргүүн байр, Г.Алтанцэцэг ахлагчтай сумын төвийн "Шим өгөөж" баг дэд байр, Т.Энхтуяа ахлагчтай "Даагат " баг гутгаар байранд, С.Оросоо ахлагчтай "Хушаатын "Сээрийн гол" баг тусгай байр эзэлсэн байна. Мөн даршилж, нөөшилсөн ногооны төрөлд Г.Алтанцэцэг, Батжаргал, Г.Чимгээ нар шалгарчээ. Мөн баярын энэ өдөр Г.Энхбаяр, Х.Сандаг, Х.Энхболд, Я.Бат-өлзий нар "Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан" цол тэмдэгээр шагнуулж, Д.Амгалан, Б.Сарантуяа нарын ажилсаг бүсгүйчүүд Монголын хөдөөг Шинэчлэхийн Төлөө Фермерүүдийн Холбооны нэрэмжит шагналаар шагнагдсан байна.
"Өгөөж мандал уул" ХХК ивээн тэтгэсэн спортын тэмцээнүүд
Хушаат сумын “Ургацын баяр”-ын үеэр спортын олон төрлийн уралдаан тэмцээн зохион байгуулагдсан байна.
Тухайлбал 32 хүчит бөхийн барилдаан болж шөвгийн дөрөвт аймгийн харцага Бадрал, аймгийн начин Г.Түвшинтөгс, аймгийн начин Б.Хүдэрбаатар, аймгийн начин Даваадалай нар шалгарч, аймгийн начин Г.Түвшинтөгс түрүүлж, аймгийн харцага Бадрал үзүүрлэжээ. Тус барилдааны бөхийн бай шагналыг "Элит үр" ХХК ивээн тэтгэсэн байна. Баярын арга хэмжээний гар бөмбөгийн төрөлд эрэгтэйчүүдээс Т.Баасандорж ахлагчтай "Нью кроп" ХХК-ийн баг 1-р байр, эмэгтэйчүүдээс Д.Амгалан ахлагчтай ногоочдын баг 1-р байрт шалгарч, "Шилдэг довтлогч"-оор Б.Хүдэрбаатар, "Шилдэг холбогч"-оор Б.Нарангэрэл нар шалгарч, шагналыг "Өгөөж мандал уул" ХХК ивээн тэтгэжээ.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг