“Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлэлт өгч эхлэв

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 16:50:02

Дархан-Уул аймагт сургалт явуулдаг төрийн өмчийн ерөнхий боловсрол, их дээд мэргэжлийн сургуулиуд, эрүүл мэндийн байгууллагуудын цайны газрын үйл ажиллагаатай танилцаж үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг 10 хүний бүрэлдхүүнтэй ажиллаж “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч аж ахуй нэгжүүдэд шалгалт хийж эхэлжээ.

Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан уг ажлын хэсэг эхлээд Орхон сумын Наймдугаар сургуульд ажиллав. Энэ сургууль нь 12 жилийн сургалттай, 18 бүлэгт 407 сурагчтайгаар сургалт явуулж байна. Эдгээрээс 1-5 ангийн 198 сурагч “Үдийн цай" хөтөлбөрт хамрагддаг байна. Тус сургуулийн гал тогоог “Орхон Агьт” компани гурван тогоочтой ажиллуулдаг. Сургуулийн эмч Б.Энхсайхан үдийн цай хөтөлбөрт хяналт тавьж ажилласнаар хоолны хордлого зэрэг өвчлөл гараагүй гэж байв. Ажлын хэсэг 32 шалгуур үзүүлэлтээр дүгнэж үнэлгээг газар дээр нь танилцууллаа. Шалгалтын үеэр илэрсэн нийтлэг зөрчлийг дурьдвал “Үдийн цай” хөтөлбөрийн хоолны цэсний илчлэгийн хэмжээг тавиагүй, стандарт тохирлын үнэлгээ хийлгээгүй, жингийн илүүдэл болон бага насны хүүхдийн судалгааг гаргаагүй байсан зэрэгт анхаарч ажиллах зөвлөмж өглөө. Тус ажлын хэсэг бусад бүх сумдын сургуулиудад уг хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаад үнэлгээ өгөх аж.

                                                                                                                                  Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ