Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-07-09 12:23:19
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөлгөөнөөр хотын дарга баяр наадмын өдрүүдэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хариуцлагатай эргүүл жижүүр ажиллуулах, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулж, хяналт тавихыг холбогдох албаныханд үүрэг  болголоо.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж өнгөрсөн 14 хоногийн мэдээллийг танилцуулав. 

Дээрх хугацаанд нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд гэмт хэрэг, зөрчлийн 22927 дуудлага, мэдээллийг  хүлээн авсан байна.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй 1281, зөрчлийн шинжтэй 15131 дуудлага гарсан байна. Мөн Нийслэлийн боловсролын газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран “Өндрөөс унаж бэртэх, үер, усны аюул, амьтанд хазуулж, хатгуулах, түлэгдэлт, ахуйн осол, гэмтэл, хүүхдийг зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох”-оос  сэргийлэх зорилго бүхий зөвлөмжийг бэлтгэн, дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдэд ажлын чиглэл өгчээ. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 354 байгууллага, аж ахуйн нэгж, ерөнхий боловсролын 142 сургууль, 206 цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон тоглоомын 370 талбайд үзлэг шалгалт хийж ажилласан байна. Шалгалтын явцад иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн буй орчинд аюул учруулж болзошгүй 776 зөрчил илэрчээ. Цахилгаан щит, гэрэлтүүлэг, шугам сүлжээний хамгаалалт, аюулгүй байдалтай холбоотой 224, траншейн болон худгийн таг эвдэрсэн, онгорхой 98, хурд сааруулагч байрлуулах шаардлагатай 36, хамгаалалтын хаалт, хашлага сэргээх, шинээр хийх 27, газар чөлөөлүүлэх шаардлагатай 11, үерийн далан суваг ус хураах талбайд байрласан хүүхдийн тоглоомын талбай 1, чанар стандартын шаардлага хангаагүй гэрэлтүүлгийн шон болон хаяг рекламны самбар 26, тоглоомын талбайн аюулгүй байдал хангаагүй 102, холбоо дохиолол болон шилэн кабелийн утас унжсан 205, бусад  46 зөрчил тус тус илэрсэн аж. Сүүлийн 14 хоногт давхардсан тоогоор 2297 чиглэлд 8414 офицер, 11858 цагдаа, 1862 олон нийтийн цагдаагийн ажилтан, 340 хэв журмын урамшилт эргүүл үүрэг гүйцэтгэж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 2080 иргэнийг эрүүлжүүлж, зөрчил гаргасан 2535 иргэнийг 91 сая 230 мянган төгрөгөөр торгож, шүүхээр 74 иргэнийг баривчлуулсан хэмээн танилцуулгад дурдав.

Харин “Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 2738 дуудлага мэдээлэл хүлээн авч 799 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэж, хүн гэмтсэн гэмт хэргийн шинжтэй 124 бүртгэгдсэн байна. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 17,4 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсныг  Замын цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөний газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж тодотголоо.

Зөвлөлгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга  С.Батболд “Баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн хэрэгслүүдийг батлагдсан чиглэлд түгжрэл сааталгүй явуулах, худалдаа үйлчилгээ, хүнсний аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах, Хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг сайтар зохион байгуулах, Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 2 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг сар болгон танилцуулахыг үүрэг болгов. Мөн  Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд болон ажилтнууд баталсан  хуваарийн дагуу 2018 оны ээлжийн амралтаа эдлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох гар утсаа нээлттэй байлгах, орлон ажиллах албан тушаалтыг томилж, ажлын байрыг эзэнгүйдүүлэхгүй байх, төрийн ажил үйлчилгээ тасалдал, хүлээгдэл, чирэгдэлгүйгээр үргэлжлэх нөхцлийг бүрдүүлж ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Холбоотой мэдээ