Нүүрс худалдан борлуулдаг цэгүүдэд шалгалт хийв

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 10:49:18

Дархан-Уул аймгийн Дархан сумын ЗДТГ, Шарын голын уурхай буюу “Шарын гол” ХК-тай хамтарч иргэдэд хямд үнэтэй нүүрс нийлүүлэх ажлыг тус сумын хэмжээнд 28 цэгээр худалдаалж эхэлсэн. Иргэдэд зах зээлийн үнээс 1000 төгрөгөөр татуу үнээр нүүрсээ худалдаалж байна.

Тухайлбал 20 кг нүүрс 2500 төгрөг,40 кг нүүрсийг 4000 төгрөг, нэг тэвш нүүрсийг 160-180 мянган төгрөгөөр тус тус худалдан борлуулж байна. Энэ хугацаанд иргэдээс борлуулж буй нүүрсийг хог чулуу ихтэй, жиндээ хүрэхгүй байна гэсэн гомдол саналууд ирсэнтэй холбогдуулан аймгийн Мэргэжлийн Хяналтын газар, Стандарчлал хэмжил зүйн хэлтэс, аймгийн ЗДТГ-ын Захирагчийн алба, Хэрэглэгчдийн Эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн холбогдох мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдаж нүүрс борлуулах цэгүүдэд ажиллаж савласан нүүрсийг задалж хогтой эсэх, жин хэмжээ хүрч байгаа эсэхийг газар дээр нь шалгав. Шалгалтын үеэр 40 кг-ийн шуудайтай нүүрс 37-40 орчим кг татаж байсан ч хог харьцангуй бага байжээ. МХГ-ын улсын байцаагчийн хэлж байгаагаар нүүрсний хэмжээ дээш, доош хоёр кг орчимд хэлбэлзэл байж болно гэв. Учир нь тус нүүрсийг гараар савласан учраас 2-4 кг зөрүүтэй байх боломжтой гэж үздэг байна.

                                         Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ