Олимпийн таеквондогийн бага насны улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-06-29 16:22:06
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн таеквондогийн “Алтайн хүчит барс” клуб үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойн хүрээнд Монголын таеквондогийн "Бага насны улсын аварга шалгаруулах тэмцээн-2018" Алтай хотноо өнөөдөр нээлтээ хийлээ. 
Нээлтийн үйл ажиллагаанд Монголын Таеквондогийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Ган-Эрдэнэ, Шүүгчдийн зөвлөлийн дарга н.Отгонбаатар, Таеквандогийн холбооны зөвлөх багш Ким Пан Тэ, Таеквондогийн холбооны тэргүүлэгч, Цагдаагийн бэлтгэл хурандаа н.Гантөмөр, Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч  Ж.Ганбат, ЗДТГ-ын дарга Ч.Бат-Эрдэнэ, Говь-Алтай аймгийн Таеквондогийн холбооны тэргүүн Ч.Жаргалсайхан, Биеийн тамир, спортын газрын дарга, "Алтайн хүчит барс" клубын үүсгэн байгуулагч, дасгалжуулагч Н.Бямбацогт болон албаны бусад хүмүүс оролцож баг тамирчдыг тэмцээндээ амжилттай оролцохыг хүсэн ерөөв. 
Мөн үеэр уг спортод амжилт үзүүлж буй тамирчдад спортын мастер цолыг олголоо. Түүнчлэн Улаанбаатар хотоос хүрэлцэн ирсэн таеквондогийн баг, тамирчдын төлөөлөл энэхүү спортын гайхалтай үзүүлбэрүүдийг олон нийтэд үзүүлсэн юм. 
Тэмцээнд Улаанбаатар хот болон орон нутгийн  37 клубын 600 гаруй тамирчид хурд хүч, тэсвэр тэвчээр,  авхаалж самбаагаа сорин өрсөлдөх ажээ. Энэхүү тэмцээн нь орон нутагт анх удаа зохиогдож байгаараа онцлогтой ба тус аймгийн Засаг дарга С.Гансэлэмийн ивээл дор "Аваргыг аймагтаа" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм.   
Говь-Алтай аймгийн "Алтайн хүчит барс" клуб нь 2003 оны зургаадугаар сард дасгалжуулагч Н.Бямбацогтын удирдлага дор 7 тамирчны бүрэлдэхүүнтэй байгуулагдсан юм. Тус клуб нь  15 жилийн ойтойгоо учран золгож буй энэ мөчид 62 тамирчинтай болон өргөжсөн байна. Тэднээс Олон Улсын хэмжээний мастер 5, спортын мастер 35, спортын дэд мастер  26 төрөн гарчээ.
Э.Нарангэрэл
Холбоотой мэдээ