“Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн” цогцолборт хоёр тэрбум төгрөг зарцуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-09-09 12:41:24

Монгол гэрийг илтгэсэн таван давхар барилга, 21 аймгийн үзэсгэлэнт газрыг дүрсэлсэн талбай, кино театр зэрэг олон бүтээн байгуулалтыг багтаасан “Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн” –ийн барилгын ажил 40 хувийн гүйцэтгэлтэй байна.

Үүнд одоогийн байдлаар нэг тэрбум төгрөг зарцуулаад байна. Нийт төсөвт өртөг нь хоёр тэрбум төгрөг бөгөөд цогцолборын гаднах хашааны тохижилтод 350, инженерийн шугам сүлжээнд 60, таван давхар барилгын суурь цутгалтад 870 сая төгрөг зарцуулаад байна. Уг барилгыг орон нутгийн “Сэхүүн чоно” ХХК хийж байна. Ирэх арваннэгдүгээр сард цутгалт бүрэн дуусах ба 2016 оны нэгдүгээр сард хүлээлгэж өгөхөөр төлөвлөж байгаа ажээ. Эл цогцолборыг аймгийн Нутгийн удирдлагын ордны хойно байрлах хуучнаар “Хүүхэд, залуучуудын соёл амралтын хүрээлэн”-ийн талбайд барьж байгаа юм. Энэ хүрээлэнг 2008 онд орон нутгийн хөрөнгөөр барьсан ч харамсалтай нь хариуцах эзэнгүй байсаар хог, шарилжаар дүүрч усан сан бусад бүтээн байгуулалт нь бүгд эвдэрсэн байсан юм. Иймд дахин орон нутгаас хөрөнгө гаргаж засч байна. 

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд