Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийг цахим хэлбэрээр хийх боломжтой боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-06-15 13:03:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлэн Монгол Улсад хэрэгжүүлж буй “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” техникийн туслалцааны Төслийн хүрээнд зам тээврийн ослын бүртгэлийн системийг шинэчлэн олон улсын жишигт нийцсэн бүртгэлийн систем, вэб аппликейшн, бүртгэлийн аппликейшн, шаардагдах сервер болон Ipad зэрэг тоног хэрэгслийн үзүүлэлтүүдийг боловсруулан нэвтрүүлж, 2 ширхэг сервер, 85 ширхэг Ipad-ыг өнөөдөр Замын цагдаагийн албанд хүлээлгэж өглөө. Уг төслийг Дани Улсын “Консиа Зөвлөхүүд” /Consia Consultants/ компаниас Азийн хөгжлийн банкнаас томилогдсон үндэсний мэргэжилтнүүдийн багтай хамтарч нэг жилийн хугацаанд хэрэгжүүлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллагад ашиглаж буй программ хангамжид зам тээврийн ослын дагнасан бүртгэлийн систем байхгүй өөрөөр хэлбэл бусад төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй хамтатган бүртгэх байдлаар мэдээ, мэдээлэл боловсруулан ашиглаж байгаа үед зам тээврийн олсын бүртгэлийн сан бидэнд хэрэгтэй, цаг үеэ олсон ажил болсон юм. Мөн зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийг цахим хэлбэрээр хийх боломжтой болсонтой холбоотой 2018 оны 4 дүгээр сараас эхлэн зам тээврийн ослын бүртгэлийн систем болон Ipad ашиглах талаар сургалтыг Хууль сахиулахын их сургууль дээр зохион байгуулж, цагдаагийн алба хаагчид болон ХСИС-ийн багш нар хамрагдсан. Дээрх бүртгэлийн системийг ашиглаж нэвтрүүлснээр, зам тээврийн ослын хар цэг бүрэн тодорхойлогдох-хар цэгийн байрлалыг зөв тогтоож тэдгээрт тохирсон арга хэмжээг авснаар аюултай цэгүүдэд аюулгүй байдал хангах ажиллагаа хийх, осол гарсан шалтгаан хэлбэрийг нарийвчлан тодорхойлох, ослын шалтгааныг тогтоосноор тэдгээрт тохирсон арга хэмжээ авах боломж бүрдэх юм. Энэ нь ослоос хамааралтай үүсэх үр дагавар, хохирлыг бууруулах үр нөлөөтэй, оновчтой арга хэмжээг авч хэрэгжүүлэх,  осол гарсан зам орчинг тодорхойлох- зам орчинг зөв тодорхойлсноор замын байгууламжийн хийцийг өөрчлөх, осол нас баралт, гэмтэлд хүргэх ямар нөхцөл байдал үүссэнд хариу авах арга хэмжээг тодорхойлох зэрэг чухал ач холбогдолтой юм байна.


Ж.Батсайхан

 

 
Холбоотой мэдээ