Украины аюулгүй албаны генерал урважээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-04 08:21:53

МОСКВА. /TASS/. Украины Аюулгүй албаны хошууч генерал Александр Третьяк өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улсын /БНДАУ/ эрх баригчидтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгджээ. Энэ тухай БНДАУ-ын Улсын аюулгүй байдлын яамны хэвлэлийн алба мэдээлсэн байна.

“Украины Аюулгүй байдлын албаны генерал Александр Третьяк БНДАУ-ын талд орсон. Тэрбээр манай улсын эрх баригчидтай хамтран ажиллахад бэлэн байна” гэж тус яамны төлөөлөгчийн хэлснийг Донецкийн агентлаг цохон тэмдэглэжээ.

Түүний хэлснээр, Третьяк 2014 онд гадны хүчний болон улс төрийн хэт давруу үзэлтнүүдийн оролцоотой болсон төрийн эргэлтийн дараа улс оронд нь тогтоосон дэглэмийг унагахыг Украины ард түмэнд уриалсан байна.

Энэ нь Украины хүчний байгууллагуудын төлөөлөгчид Донбасст өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Ард Улсуудын талд орсон анхны тохиолдол биш юм.

Тухайлбал, Украины Николаев мужийн Первомайск хотын прокурорын туслах Максим Болдыров 11 дүгээр сарын 18-нд өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Луганск Ард Улсын талд орсон бол 10 дугаар сарын 2-нд Украины армийн гурван албан хаагч БНДАУ-ын талд оржээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ