АНУ-ын буцалтгүй тусламжийг хотын усан хангамжийг нэмэгдүүлэхэд зарцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-06-13 13:07:56
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпораци хооронд байгуулах компанкт гэрээний төслийг дэмжиж, гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт зөвшөөрлөө.

Компакт гэрээний хүрээнд 350 сая хүртэл ам.долларын буцалтгүй тусламжийг хотын усан хангамжийг нэмэгдүүлэхэд зарцуулахаар төлөвлөөд байна. Тухайлбал газрын доорх усны доод эх үүсвэрийг шинээр байгуулах, хаягдал усыг дахин боловсруулж, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах, усны салбарын тогтвортой байдлыг хангах зэргийг гэрээнд тусгажээ.
Мөн хуралдаанаар Барсүрэнгийн Баасандоржийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар томиллоо. Б.Баасандорж нь 1979 онд төрсөн. МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Калифорнийн олон улсын их сургууль төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр.
2001 оноос УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хороонд референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүйн яаманд газрын дарга, 2015 оноос УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөхөөр ажиллаж байсан. Төрийн албанд 17 жил ажилласан байна.

Холбоотой мэдээ