Улаанбаатар-Бусаны чиглэлд тогтмол нислэг үйлдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2015-12-03 16:39:59

УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт өнөөдөр “Сайдын цаг” уулзалтад оролцож, энэ салбарт хийж хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнүүдийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 

Зам, тээврийн салбарт 1990 оноос хойш эрх зүйн шинэчлэл хийгдээгүйн улмаас салбарын хэмжээнд доголдол гарч байсныг сайд уулзалтын эхэнд онцлоод Авто тээврийн тухай хууль, Авто замын тухай хууль, Иргэний нисэхийн тухай хууль, Төмөр замын тухай хуулийг боловсруулан УИХ-д өргөн барихаар бэлдэж байгаа гэв. Хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар батлуулсан байна. 
Тус салбарт хууль эрхзүйн болон бүтээн байгуулалтын чиглэлээр олон ажил хийж байгаад сайд онцлов. Тухайлбал Агаарын замуудыг шинээр болон шинэчлэн тогтоож, БНСУ-ын талтай Улаанбаатар-Бусан чиглэлд хоёр удаагийн давтамжтай, 162 хүний суудалтай Боинг агаарын хөлгөөр нислэг үйлдэхээр тохирсон байна. Мөн ОХУ-ын талаас агаарын тээврийн “Ангара” компанийг Новосибирск-Улаанбаатар-Новосибирск чиглэлд зорчигч, ачаа тээврийн хуваарьт нислэг гүйцэтгэх агаарын тээвэрлэгчийг томилсон томилгоог Монголын тал хүлээн авчээ. 
2017 онд ашиглалтад орох Хөшигийн хөндийн нисэх буудлын бүтээн байгуулалтын ажил төлөвлөсөн хугацаанаас 2.9 хувиар илүү явагдаж байна. Олон улсын шаардлага, стандартад нийцсэн нисэх буудал 30-40 онгоц хүлээн авах хүчин чадалтай байх юм. 
АСЕМ-ын зочдыг хүлээн авах бэлтгэл ажлыг хангах зорилгоор “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөн сайжруулж, есөн агаарын хөлгийн нисч буух зурвасын 500 м бетон хэсгийн хүчитгэл, транзит заалны өргөтгөлийн  ажлыг шинээр хийж ашиглалтад оруулсан аж. 
Энэ онд шинээр эхлэх 488.5 км авто зам, 694.5 у/м гүүрийн ажлыг эхлүүлэхээс 245.18 км авто зам, 694.5 у/м гүүрийн ажил хийгдсэн. Өнөөдрийн байдлаар 21 аймгаас 16 нь нийслэлтэй автозамаар холбогдсон бол ирэх онд бүрэн гүйцээх төлөвлөгөөг гаргажээ. Баруун аймгууд руу тавигдах авто замын ажилд зориулж хэд хэдэн даваа гүвээг сэтлэх ажлыг эхлүүлээд байгаа аж. 
Улаанбаатар-Эрээний чиглэлд өчигдрөөс тохилог автобус зорчигч тээвэрт үйлчилж эхэлсэн. Мөн БНСУ-ын Экзим банкны бага хүүтэй зээлээр нийтийн тээвэр, хот хоорондын зорчигч тээврийн компаниудын парк шинэчлэлтийг хийж том, дунд оврын 300 автобусыг оруулж ирэхээр болсон байна. Үүнээс гадна улс болон хот хоорондын 930 зорчигч тээврийн хэрэгсэлд GPS төхөөрөмж суурилуулснаар хаана, ямар хурдтай явж байгааг нь хэдийд ч хянах боломжтой болжээ. 
Тавантолгойгоос Сайншанд хүртэлх 445 км төмөр зам барих ажлын хөрөнгө оруулалтад Японы хамтын ажиллагааны банк оролцохоор санамж бичигт гарын үсэг зурсан байна. Мөн Эрдэнэт хотоос Овоотын нүүрсний орд газар хүртэл 599 км төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Нотерн Рэйлвэйс” ХХК-д таван жилийн хугацаатай олгожээ.
Зам, тээврийн салбарт 2015 онд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх нийт 17 төсөл, арга хэмжээний 12.6 тэрбум төгрөгийн төсөв батлагдсанаас энэ сарын 1-ний өдрийн байдлаар 6.68 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн байна. 

Н.Гантуяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

Холбоотой мэдээ