Өрсөлдөх чадвартай МАА-н салбарыг хөгжүүлэхээр 34 орны төлөөлөгч чуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dogsom@montsame.mn
2018-06-11 11:04:14
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Улаанбаатар хотноо 34 орны 120 гаруй төлөөлөгчид, бүс нутгийн Хөдөө аж ахуйн сайд нар  “Тогтвортой хөгжил-нүүдлийн мал аж ахуй” сэдвээр хуралдаж байна.
НҮБ-ын ХХАА-н байгууллага, Даян дэлхийн тогтвортой МАА-н хөтөлбөр, ХХААХЯ-наас зохион байгуулж буй олон улсын энэ хурлаар бүс нутгийн болон үндэсний түвшинд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад бэлчээрийн мал аж ахуйн оруулах хувь нэмэр, ач холбогдол, байгаль орчинд ээлтэй, өрсөлдөх чадвартай мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэнэ.
Тодруулбал, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал эрчимтэй явагдаж буй энэ үед нүүдлийн болон бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд тулгарч буй сорилт, даван туулах арга замын талаар ярилцах юм.
Тэрэлжийн “Ред рок” ресорт-д 5 өдөр үргэлжлэх Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн танилцуулах түншүүдийн 8 дугаар  хуралд уг хөтөлбөрийн дарга Фритц Шнайдер болон Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар оролцож үг хэлнэ. Албан ёсны нээлтийн эхний илтгэлийг олон улсын төлөөлөгч Элизабет Катушаби “Уганда улсын бүс нутгийн бэлчээр ба байгаль орчны сүлжээ” сэдвээр тавих бол хоёр дахь илтгэлийг манай улсаас Баянхонгор аймгийн Богд сумын малчин Ц.Буяннэмэх тавина.
Өнгөрсөн оны 5 дугаар сард Африкийн Этиоп улсад болсон Даян дэлхийн тогтвортой  мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 7 дугаар хуралд манай улсаас ХХААХҮ-ийн сайд оролцох үеэр 2018 онд болох ээлжит хурлыг Монгол Улсад зохион байгуулах санал тавьсны дагуу Даян дэлхийн тогтвортой  мал аж ахуйн хөтөлбөрөөс ээлжит хуралдааныг манай улсад зохион байгуулахаар шийдвэрлэсний дагуу болж байна. Дэлгэрэнгүй сурвалжлагыг хүргэх болно.
Б.Болд

Холбоотой мэдээ