Ерөнхий сайдын дэргэд “Соёл, урлагийн үндэсний зөвлөл” байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын оюуны дархлааг бэхжүүлэх, түүх, уламжлалт өв соёл, зан заншлаа сэргээн, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээхэд урлаг, соёлын салбарынхан чухал үүрэгтэй гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр болсон “Соёл, урлагийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага” зөвлөгөөний үеэр онцлов.
Уг зөвлөгөөнийг өнөөдөр Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж, биет болон биет бус соёлын өв, соёл урлагийн салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц, гаргалгааны талаар хэлэлцлээ.
Зөвлөгөөний нээлтийн үеэр Ерөнхий сайд, “Ирээдүйд Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болох, эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй Монгол хүнийг хүмүүжүүлэх их үйлийг бид мартах учиргүй. Тиймээс ч Засгийн газрын хөгжлийн гол тулгуур үндэс бол “Монгол хүн төвтэй, мэдлэгт суурилсан хөгжил” юм. Манай улсын оюуны дархлаа сул байна. Улс орон, өвөг дээдсийнхээ түүх, уламжлалт өв соёл, зан заншил, урлаг соёлоо үл тоох, мартах, үгүйсгэх хандлага цухалзаж, хүүхэд залуус гадаадын кино, урлагаар дамжсан үзэл суртал, соёл ахуйд автах болжээ. Соёл, урлагийн салбарынхан нийгмийнхээ туг нь болж манлайлан явах эрхэм үүрэгтэй. Тиймээс ард иргэдээ соён гэгээрүүлэх их үйлсэд зүтгэж буй зохиолч, яруу найрагч, судлаач, жүжигчид, хамтлаг дуучид, бүжигчид, зураач, барималч, дархан, гар урчуудыгаа Засгийн газартай хамтран ажиллахыг уриалж байна” гэлээ.
Сүүлийн 20 гаруй жилд урлаг соёлынхныг ингэж цуглуулан, санал санаачилгыг нь нэг бүрчлэн сонсч байгаагүй гэдгийг зөвлөгөөнд оролцогчид онцолж байв. Мөн Монгол бичгийн дархлааг бэхжүүлэх, бүх нийтийн хэрэглээ болгоход анхаарах, Соёлын яам байгуулахыг Ерөнхий сайдаас хүслээ.
Нэрт сэтгүүлч, СГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар: БНХАУ Бүх Хятадын хөгжимчдийн дунд хийл хөгжмийн уралдаан зохион байгуулж, шалгарсан 5 хүний бүх зардлыг даан Дэлхийн шилдэг сургуулиудад сургасан байдаг. Ингэхдээ “Хятадын хөгжимчин” гэдгээ битгий мартаарай хэмээн сануулсан. Таван жилийн дараа тэдний нэг нь Чайковскийн уралдаанд түрүүлсэн. Үүнтэй адил Монголын төр соёл урлагийн боловсон хүчнээ бэлдэх цаг нь ирсэн. Дөнгөж их сургууль төгссөн авьяас, чадвартай 10 хүүхдийг гадаадын томоохон сургуульд сургавал чадварлаг боловсон хүчинтэй болно. ХХ1 зуунд соёл, урлагаа авч үлдэхийн тулд дэлхийн хэмжээнд сэтгэдэг бэлтгэгддэг боловсон хүчин байх хэрэгтэй. Нийслэл хотод сүүлийн 40 жил нэг ч том театр, музей, нийтийн номын сан шинээр бариагүй.
Ардын уран зохиолч, "Болор цом"-ын эзэн, яруу найрагч Т.Галсан: Соёл урлагаа өөд татахын тулд мэргэжлийн хүмүүсийн санал бодлыг нь сонсч байгаад талархаж байна. Аялал жуулчлалыг хамгийн их татдаг үнэт зүйл бол хөшөө дурсгал. Гэтэл сүүлийн үед намын даргаар хоёр жил ажилласан хүний хөшөөг хүртэл босгох боллоо. Түүнийг нь жуулчдад юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байна. Намын дарга хүний хөшөөг “Манай баатрын хөшөө” гэж хэлсэн тохиолдол бий. Хоёрдугаарт, Глобалчлал гэдгийг даяаршил гээд буруу орчуулсан. Уг зүй нь бол золбинтол гэж орчуулмаар байгаа юм. Глобалчлалаас болж бага улс үндэстнүүд өөрийн хэл, соёлоо алдахад хүрснээ гашуунаар дурсаж байна.
Зохиолч Б.Шүүдэрцэцэг: Номын дэлгүүр, кино театруудыг НӨАТ-аас чөлөөлж өгөх хэрэгтэй. Манай уран зохиолын салбар орчуулгын уран зохиолд эзлэгдэхэд бэлэн байгаа. Номын дэлгүүр, кино театр хоёрыг НӨАТ-аас чөлөөлөхөд улсын төсөвт ямар ч нөлөө үзүүлэхгүй. Номын зах зээлд маш бага мөнгө эргэлддэг хэмээн санал бодлоо хуваалцав.
Ерөнхий сайдын зүгээс урлаг, соёлын салбарынхны санал, санаачлагыг ажил хэрэг болгоход анхаарахаа хэллээ. Уг ажлыг хэрэгжүүлэх зорилгоор Ерөнхий сайдын дэргэд “Соёл урлагийн үндэсний зөвлөл” байгуулахаар шийдвэрлэснээ мөн дуулгав.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Гэрэл зургийг Т.Чимгээ