Монгол, Беларусь улсын хамтын ажиллагааг бодитоор хөгжүүлэхэд анхаарч ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2018-06-06 08:22:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Беларусь Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр тус улсын Ерөнхий сайд А.Кобяков, Үндэсний хурлын Төлөөлөгчдийн танхимын дарга В.Андрейченко нарт  бараалхав.
 
Ерөнхий сайд А.Кобяковтой хийсэн уулзалтын үеэр талууд Монгол, Беларусийн найрсаг харилцааг бүхий л талаар хөгжүүлэх, түүн дотроо эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг онцолж, хоёр орны ЗГХК-ын хуралдаанаар тохирсон зүйлсийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсад хөдөө аж ахуйн агропарк, сүүний үйлдвэрлэлийн кластер, Беларусийн машин техникийн сэлбэгийн үйлдвэрлэл, үйлчилгээний төвүүдийг байгуулах, хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээвэр, барилга, зэрэг олон салбарт мэргэжилтнүүдийг бэлтгэх зэргээр хамтын ажиллагааг бодитоор хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллахаар болов.

Үндэсний хурлын Төлөөлөгчдийн танхимын дарга В.Андрейченкотой хийсэн уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хоёр орны Парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө УИХ дахь Монгол, Беларусийн найрамдлын бүлэг төлөөлөгчид харилцан солилцох, олон улсын арга хэмжээнд хамтран оролцох зэргээр Беларусь Улсын Үндэсний хурлын гишүүдтэй ойр дотно, идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
 
Мөн ЕАБХАБ, Олон улсын парламентын холбоо зэрэг олон талт хамтын ажиллагааны механизмуудад тогтсон парламент хоорондын үйл ажиллагааны зэрэгцээ хоёр орны бизнес, соёл урлагын салбарын солилцоог өргөжүүлэх, Беларусьт оюутан, сурагч, мэргэжилтэн бэлтгэж ирсэн уламжлалыг сэргээхэд хоёр орны парламентын зүгээс дэмжин ажиллахаар болов.
Холбоотой мэдээ