Путиныг “дэлхийн хэмжээнд сэтгэгчдийн” жагсаалтад оруулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН. /TASS/. Вашингтоны “Foreign Policy” сэтгүүл “дэлхийн тэргүүлэх 100 сэтгэгчийн” жагсаалтдаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг оруулсан байна.
Оросын удирдагч уг жагсаалтад “шийдвэр гаргагчдын” ангилалд багтжээ. Түүний хамт энэ ангилалд дөрвөн эмэгтэй орсон нь Германы Канцлер, Маврик улсын Ерөнхийлөгч, Бангладешийн Ерөнхий сайд болон Грекийн Сангийн сайд асан юм. Энэ хэсэгт мөн нэг жилийн хугацаанд гэрээнүүдийн талуудын хувьд маш чухал зүйл заалтуудыг боловсруулсан Америк-Ираны, Америк-Кубын гэсэн олон улсын хоёр бүлгийг оруулжээ.
Путиныг уг жагсаалтад оруулснаа “Foreign Policy” сэтгүүлийнхэн ОХУ-ын Агаар-сансрын хүчний Сирид явуулж эхэлсэн ажиллагаатай болон Оросын Ерөнхийлөгчийн нэр хүнд дахин өсч эхэлсэнтэй холбон тайлбарласан байна.
Вашингтоны сэтгүүл энэ жилийн жагсаалтдаа улс төрөөс гадна “Пальмарт амь үрэгдсэн археологич Халед болон Украины Дотоод хэргийн дэд сайд Эка Згулазе-Глюксманн зэрэг хүмүүсийг оруулсан "Сорилтыг хүлээн авагчид”, Америкийн хэд хэдэн иргэн, мөн ухаалаг гар утсанд зориулж “Миний нүд болооч” гэдэг программ бүтээсэн Данийн хос бичигдсэн “Шинийг санаачлагчид”, дэлхийн өнцөг булан бүрээс Нобелийн шагнал хүртсэн 12 хүн, уламжлалт хүний эрхийг хамгаалагчдаас эхлээд хүмүүс компьютерт боолчлогдох аюулын талаар сэрэмжлүүлдэг Их Британийн философич зэрэг хүмүүс багтсан “Өмгөөлөгчид”, “Уран зураачид”, Америкийн шинийг санаачлагч зургаан эмч болон “Эбола”-тай тэмцэж буй Нигерийн халдварт өвчин судлаачдыг оруулсан “Анагаагчид”, Байгаль орчныг цэвэр байлгахын төлөө тэмцэгч 12 хүнийг оруулсан “Хамгаалагчид”, “Сурвалжлагчид” болон нийгмийн хариуцлагатай бизнесийн удирдагч хүмүүс болох “Google” компанийн таван америк, нэг энэтхэг багтсан "Мундагчууд" гэсэн найман ангиллыг нэмжээ.
Нийтдээ 125 хүн багтсан уг жагсаалтад эмэгтэйчүүд эрчүүдээс арай олон байна.
“Дэлхийн сэтгэгчдийн” жагсаалтаа “Foreign Policy” сэтгүүл долоо дахь жилдээ гаргаж байгаа юм.
Д.Жаргал