Байнгын хороо төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-06-05 08:48:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Тухайлбал, 09.00 цагт Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх чиглэлээр Монголбанкнаас 2017 онд зохион байгуулсан ажлын мэдээллийг сонсох юм.

Мөн 10.00 цагт болох Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх бол үдээс хойш буюу 14.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Түүнчлэн 14.00 цагт  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ