Б.Сүнгээ: Чулуу олборлогчдыг өөгшүүлж байгаа чулууны ченжүүдтэй хатуу тэмцэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн хэмжээнд хууль бусаар чулуу олборлох явдал газар авч, иргэд хуулийн байгууллагын хооронд бага хэмжээний дайн өрнөх болсон. Энэ талаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Сүнгээтэй ярилцлаа.
-Хэнтий аймгийн хэмжээнд хууль бусаар чулуу олборлох явдал газар авч, иргэд хуулийн байгууллагын хооронд бага хэмжээний дайн өрнөх болсон. Энэ зөрчлийн эсрэг хуулийн байгууллагууд хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?
-Манай аймгийн нутаг дэвсгэрт нутгийн уугуул болоод гадны иргэд өнгөт чулууг хууль бусаар олборлох зөрчил гарч эхэлсээр нэлээд хугацааг өнгөрүүлээд байна. Өнгөрсөн хугацаанд бид өнгөт чулууны хууль бус олборлолт явагдаж багаа нутаг дэвсгэрүүд, ялангуяа Батноров сумын нутагт голлон шат дараатай шалгалтыг хийж, нэлээд олон зөрчлийг илрүүлэн, хуулийн дагуу арга хэмжээ тооцож ирлээ. Гэсэн хэдий ч энэ зөрчил зогсохгүй, үргэлжилсээр байна. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл энэ асуудалд жил бүр анхаарал хандуулж, зөрчлийг зогсоох шийдвэр гаргаж хяналт шалгалт хийх шатахууны зардлыг шийдсэн. Энэ жил ч мөн зогсоох шийдвэр гарсан. Өнгөрсөн 02 дугаар сарын 28-ны өдрийн А/75 дугаартай аймгийн Засаг даргын захирамж гарч, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Байгаль орчны газар, Тагнуулын байгууллагыг оролцуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
-Батноров суманд хууль бус чулуу олборлох зөрчил газар авсан байдалтай байгаа. Та бүхний зүгээс энэ нутагт сүүлийн үед ямар шалгалтуудыг хийж, хичнээн зөрчлийг илрүүлээд байна вэ?
-Аймгийн Засаг даргын баталсан захирамжийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ахлуулсан Цагдаагийн газар, Тагнуулын хэлтэс хамтарсан ажлын хэсэг, мөн Монгол Улсын Засгийн газраас томилогдсон ажлын хэсэгтэй тус тус хамтран Батноров суманд өнгөрсөн 4-р сард ажилласан. Ингэхдээ тус сумын “Шаварт”, “Баавай”, “Ягааны хоолой”, “Бүргэдийн өвөлжөө” гэх газруудад байгалийн өнгөт чулуу хууль бусаар түүж, олборлож байгаа эсэхийг шалгасан. Шалгалтаар Батноров сумын нутаг дэвсгэрээс хууль бусаар байгалийн өнгөт чулуу түүж, олборлож байсан 59 иргэнийг шалгаж, 10 автомашин, 5 мотоцикль саатуулж, нийт 21 хүнд шийтгэл ногдуулж, улсын орлого болгохоор 40.7 кг байгалийн өнгөт чулуу, Ланд 80 маркийн 1 автомашин, 43 ширхэг /хараацай, хүрз, лоом, савар, цахилгаан молдок, цахилгаан үүсгүүр/ багаж хэрэгсэлийг хураан авч, аймгийн Прокурорын газарт хойшлуулашгүй тохиолдолд явуулсан ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай эрх бүхий албан тушаалтны саналаа хүргүүлээд байна.
Түүнчлэн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нийт 21 иргэнд 3 400 000 /гурван сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн торгууль ногдуулж, барагдуулахаар ажиллаж байгаа юм.
Мөн ажлын хэсэг тавдугаар сарын 3-наас 6-ны өдрүүдэд Норовлин, Батноров сумдын нутаг дэвсгэрт хууль бусаар байгалийн өнгөт чулуу олборлогч иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, Батноров сумын нутаг Ягааны хоолой Өвөлжөөний эх гэх газар өнгөт чулуу олборлож байсан Баян-Адарга сумын 5 иргэнийг шалгаж, газар ухах зориулалт бүхий хараацай гэх багаж 3 ширхэг, 2 хүрзийг хураан авч хяналт шалгалтаас зугтаасан С гэх жолоочтой микро маркийн ногоон өнгийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг, мөн Бэрх тосгонд оршин суугч байгалийн өнгөт чулууны ченж гэх Г нарыг олж хариуцлага тооцуулах талаар аймгийн Цагдаагийн газарт хандаад байна.
Хяналт шалгалтын явцад Батноров сумын нутаг Шаварт гэх газраас хууль бусаар олборлосон 3.280 кг байгалийн өнгөт чулууг хураан Захиргааны журмаар хураагдсан эд зүйлс шийдвэрлэх комисст шилжүүлж, зөрчил гаргасан Бэрх тосгоны 2 иргэнд тус бүрт нь 200 000 төгрөгийн торгуулийн арга хэмжээг авч ажилласан.
- Ажилгүй иргэд голдуу амжиргаагаа залгуулах зорилгоор хууль бус чулуу олборлож байна гэсэн ойлголт байдаг. Энэ тухайд?
-Чулуу түүж байгаа иргэдийн хувьд амьдралаа залгуулах гэсэн нэгэн байхад боломжийн амьдралтай, үнэтэй машин унасан хүмүүс ч чулуу түүж байна. Тэр битгий хэл мал хуй ихтэй иргэд ч малын бэлчээртээ чулуу түүх явдал олон. Хол ойроос ирсэн чулуу түүгчид тарвага, зээр агнах, хонь мал хулгайлах, танхайрах үйлдлүүд ч байна. Нэр бүхий байгууллагын ажилтнууд хамт олноороо зохион байгуулалттайгаар чулуу түүх гэж ирээд баригдаад буцсан тохиолдол ч гарсан. Хууль бусаар чулуу олборлогчдыг тийм ийм гэж ангилахад хэцүү. Тийм учраас бид чулуу олборлогчдыг өөгшүүлж байгаа чулууны ченжүүдтэй хатуу тэмцэж байна. Энэ ажлын хүрээнд хэд хэдэн чулууны ченж хийдэг иргэдийг саатуулан хариуцлага тооцоод байна.
-Чулуу олборлох зөрчлийн эсрэг хууль эрхзүйн орчин хангалттай байж чадаж байна уу?
-Үнэндээ хангалттай байж чадахгүй байна. Хууль бусаар чулуу олборлох зөрчлийн эсрэг хууль эрхзүйн орчинг чангатгах шаардлагатай байгаа юм. Өмнө нь хууль бусаар чулуу олборлосон иргэнийг 50 мянган төгрөгөөр торгодог байсан нь шинэ зөрчлийн хуулиар өөрчлөгдөж, 200 мянган төгрөгөөр торгодог болсон. Гэвч нэг удаа зөрчил гаргасан иргэн дахин зөрчил гаргасан тохиолдолд хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл муу учраас энэ зөрчил багасахгүй байна. Тиймээс бид арай чангатгасан хэлбэр болох чулуу олборлогчдыг өөхшүүлж буй чулууны ченж гэх хүмүүсийн авто тээврийн хэрэгслийг улсын орлого болгох ажлыг зохион байгуулж байна.
-Саяхан танай фэйсбүүк хуудсанд тавигдсан “Байгаль орчныг сүйтгэгчидтэй хатуу тэмцэж байна” гэсэн пост сошиал орчинд тавигдсан даруйдаа иргэдийн зүгээс нэлээд гомдол, эсэргүүцлийг дагуулаад амжсан. Энэ тухай тайлбар хийхгүй юу?
-Саяхан танай фэйсбүүк хуудсанд тавигдсан “Байгаль орчныг сүйтгэгчидтэй хатуу тэмцэж байна” гэсэн пост сошиал орчинд тавигдсан даруйдаа иргэдийн зүгээс нэлээд гомдол, эсэргүүцлийг дагуулаад амжсан. Энэ тухай тайлбар хийхгүй юу?
-Бид ажил үүргийнхээ дагуу хийж хэрэгжүүлж буй ажлаа иргэддээ тайлагнасан, чулуу түүж байгаль орчинд хохирол учруулахгүй байхыг анхааруулсан. Гэтэл нэр бүхий иргэд манай байгууллагыг дайрч доромжлон, элдвээр гүтгэсэн, газар шороогоо ухан чулуу түүх, дураараа дургихыг уриалсан өнгө аястай сэтгэгдлүүдийг бичсэн байсан. Нарийн шалтгааныг судлахад тэдгээр хүмүүсийн дийлэнх нь хууль бусаар чулуу олборлодог болон чулуу худалдан авдаг хүмүүс байгаа нь тодорхой болсон. Төрийн байгууллагыг элдвээр дайрч доромжилсон энэ иргэдийг хуулийн байгууллагаар шалгуулахаар бэлтгэл ажлаа хийж байна.
-Чулуу олборлогчидтой тэмцэх ажилд дутагдалтай зүйл байгаа юу?
-Чулуу олборлогчидтой тэмцэх ажилд дутагдалтай зүйл байгаа юу?
-Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс тодорхой төсвийг баталж өгч, аймгийн Засаг дарга захирамж гарган үүрэг өгч бид бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байна. Нэгэнт газар авчихсан энэ зөрчлийг арилгахад зарим төрлийн тоног төхөөрөмж хэрэгтэй байгаа. Дээрээс нь хууль эрхзүйн орчинг чангатгах, шаардлага үүсээд байна. Мөн чулууны ченжүүд, чулуу олборлогчид нь зохион байгуулалтад орж, нэгийгээ харуулд гаргах, хоорондоо үгсэн тохирсон нууц дохиогоор харилцах зэргээр арга нь нарийссан байгаа юм. Түүнчлэн шөнийн цагаар цув нөмрөн, гэрэл тусгаж, чулуу түүсэн тохиолдол ч гарсан. Иймд нутаг орон, газар шороондоо хайртай иргэд бидэнтэй хамтран ажиллаж, мэдээлэл ирүүлэх, байгаль орчноо хайрлах хамгаалах уриалгыг бусдадаа түгээх, хууль бус чулуу олборлогчидтой тэмцэх ажилд гар бие оролцож иргэний үүргээ гүйцэтгэх нь туйлын чухал байна.
Д.Одонтунгалаг