ОХУ, Францын Батлан хамгаалахын удирдлагууд хэлэлцээ хийлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-03 11:33:51

МОСКВА. /Sputnik/. ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, армийн генерал Валерий Герасимов Францын Батлан хамгаалах штабын дарга, генерал Пьер де Вильетэй утсаар ярьж, “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх хамтын ажиллагааг хэлэлцсэн гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгдэв.

Францын талын гаргасан санаачилгын дагуу тэд өчигдөр утсаар ярьжээ.

Франц АНУ тэргүүтэй олон улсын эвсэлд нэгдэж, 2014 оны есдүгээр сараас хойш Ирак, Сири дэх “Лалын улс” бүлэглэлийн байрлалд агаараас цохилт өгч байгаа билээ. Энэ сарын 13-нд 100 гаруй хүний амийг хөнөөсөн халдлага Парис хотод болсонтой холбогдуулан Франц “Лалын улс”-тай тэмцэх ажиллагаагаа эрчимжүүлж байна.

Харин ОХУ Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын хүсэлтийн дагуу Сири дэх “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх ажиллагааг энэ оны есдүгээр сараас явуулж эхэлсэн.

Өнгөрсөн долоо хоногт Францын Ерөнхийлөгч Франсуа Олландын Москва хотод хийсэн айлчлалын үеэр ОХУ болон Франц төрийн тэргүүн нар хоёр улсын терроризмтой тэмцэх ажиллагааг уялдуулахаар тохиролцсон байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ