“Түүчээ залуус” төсөл хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-05-22 12:56:37
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн оюутан, залуучуудын “Ирээдүй-Алтай” холбооноос  залуучуудын сайн дурын бөгөөд утга учиртай оролцоог дэмжих “Түүчээ залуус” төслийг хэрэгжүүлэн, оролцогчдын бүтээлч санаачилга, утга учиртай оролцоо бүхий түүчээ залуусыг дэмжинэ ажиллахаар боллоо.
Уг төслийн болзолд зааснаар тус аймгийн уугуул, суугуул бөгөөд 40 хүртэлх насны залуучууд, оюутнуудаас бүрдэх гурван хүний бүрэлдэхүүнтэй багууд өөрсдийн санаачилсан ажлаараа уралдах юм байна.
“Түүчээ залуус” төсөл бүх суманд хэрэгжих бөгөөд нэг сумаас хэдэн ч баг оролцож болох гэнэ. Оролцсон багуудаас шилдэг тавыг нь шалгаруулж, 500 мянгаас нэг сая төгрөгөөр урамшуулж, бүтээлч санаачилгыг нь олон нийтэд хүргэх ажээ.
Ирэх зургадугаар сараас хэрэгжиж эхлэх “Түүчээ залуус”-ын багуудыг тавдугаар сарын 25-ыг хүртэл бүртгэж, бүртгүүлсэн багуудад зөв хандлага, бүтээлч сэтгэхүй, хамтач сэтгэлгээг дэмжсэн даалгавар өгснөөр тэдний өрсөлдөөн эхлэх гэнэ. “Түүчээ залуус” төсөлд сум орон нутгаас төдийгүй өөр аймаг, хот, гадаадын улс оронд ажиллаж, амьдардаг Алтайн залуус оролцож болохоороо онцлогтой юм.
“Ирээдүй-Алтай” холбоо 2013 онд Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Монголын залуучуудын холбооноос зохион байгуулсан “Сумын залуус” төслийг аймагтаа хамтран хэрэгжүүлж байсан бол энэ удаагийн төслөө Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран хэрэгжүүлнэ гэж мэдэгдлээ.    
Аймгийн оюутан, залуучууд үе тэнгийн найз нөхдөө уриалан дуудаж, ахмад-дунд-залуу үеийн болон төр-хувийн хэвшил-олон нийтийн байгууллага-иргэдийн хамтын ажиллагаанд тулгуурлан Алтайн ирээдүйн эздийг төлөвшүүлэх, орон нутгийнхаа хөгжилд өөрсдийн бодит бөгөөд утга учиртай, сайн дурын оролцоогоор хувь нэмэр оруулах зорилгоор тус төслийг хэрэгжүүлэхээр болжээ.
 
Э.Нарангэрэл
Холбоотой мэдээ