Умард Солонгосын гурван дүрвэгчийг шүүхэд өгнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-12-02 13:53:52

СӨҮЛ. /TASS/.  Умард Солонгосоос оргон зугтаасан гурван дүрвэгчийг тус улсын удирдагч Ким Жөн Уны нагац эгч өөрийг нь гүжирдэж гүтгэсэн хэргээр шүүхэд өгөхөөр болсон тухай түүний өмгөөлөгч Сөүл хотод мэдээлжээ.

Намын нууц дансны мөнгөөр гоо сайхны мэс засал хийлгэж, казинод тоглодог гэж өөрийнх нь тухай худал мэдээлэл тараасных нь төлөө Ко Ён Сук 60 сая вон буюу 52 мянган долларын нөхөн төлбөр өгөхийг шаардаж байгаа аж. Умардын дүрвэгсэд 2013-2014 онд Өмнөд Солонгосын телевизийн алдартай ток-шоунуудад оролцохдоо ингэж ярьсан байна.

“Тэд 1990-ээд оны үед Умард Солонгосоос дүрвэсэн, тиймээс улс орны одоогийн байдлын талаарх мэдээлэл тэдэнд байх боломжгүй бөгөөд бодит байдалтай нийцэхгүй зүйлийн тухай ярьцгааж байна” гэж Кон Ён Сукийн өмгөөлөгч хэлжээ. Түүний хэлснээр, шүүхэд мэдүүлсэн гомдлыг өнөөдөр үдээс хойш Сөүл хотын төв шүүхэд өгөх аж.

Ким Жөн Уны ээжийнх нь бага дүү болон урьд нь дипломатч байсан түүний нөхөр Умард Солонгосоос 1998 онд дүрвэсэн бөгөөд одоог хүртэл АНУ-д оршин суудаг аж.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ