Хуулийн байгууллагаас ирүүлсэн гомдлоор Нийтийн сонсгол хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-05-18 14:28:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн хууль, Хөдөлмөрийн харилцаан дахь хүний эрхийн конвенциуд ноцтой зөрчигдөж байгаа талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны гишүүний хувьд хэд хэдэн мэдээллийг хүргэх гэж буйгаа онцлоод, УИХ Монгол Улсын дотоод, гадаад бүх бодлогод анхаарлаа хандуулж ажиллах үүрэгтэй байгууллага ч хүний эрхийн асуудалд анхаарлаа хангалттай хандуулахгүй байгаа гэж үзэж буйгаа хэллээ.
Мөн "Монгол хүн бүр эрхэмсэг орших, Үндсэн хуульд заасан үндсэн эрх, эрх чөлөөгөө эдлэх эрхтэй. Сүхбaатарын талбайд жагсан үсээ хусч буй эмэгтэйчүүд, өлсгөлөн зарлаж буй багш нар, эмч нарын зорилгыг дэмжиж буйгаа илэрхийлье. 500, 600-хан мянган төгрөгөөр сайн эмч, багш нарыг ажиллуулах боломжгүй. Иймд ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалдаг эмч нар, үр хүүхдүүдэд нь эрдэм ном сургадаг багш нарын цалинг эрс нэмэгдүүлэхийг эрх баригч намаас шаардаж байна" гэв.
Хүний эрхийн үндэсний комиссын бүх илтгэл УИХ-д ирдэг бөгөөд Хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалт, ажлын байран дахь бэлгийн дарамт хэрээс хэтэрч байгааг, УИХ, Засгийн газар эдгээр зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой арга хэмжээ авахгүй байгааг шүүмжилсэн байдаг гэлээ. Гэвч Засгийн газар болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгуулагууд дорвитой арга хэмжээ авахгүй байгаа. Эрх баригч нам өнөөдрийг хүртэл Хүний эрхийн дэд хорооны даргыг томилж өгөхгүй байна. Мөн тусгай чиг үүргийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдад илүү цаг болон амралтын өдөр ажилласан нэмэгдлийг олгохгүй байгаа талаар, өрх толгойлсон эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдийн эрх онцгой зөрчигдөж байгаа талаар мэдээлэл ирсээр байна. Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын тухай конвенцид өрх толгойлсон эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийг илүү цагаар ажиллуулахыг, үр хүүхдээс нь салгаж, хол томилж ажилууллахыг хориглодог. Гэтэл манай улсад энэ эрх ноцтой зөрчигдөж байна хэмээсэн юм.
Тиймээс Гааль, Мэргэжлийн хяналт, Хилийн цэрэг, Гадаадын иргэн харъяатын байцаагч нараас ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу 6-р сарын дундуур Нийтийн сонсгол зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаагаа Ж.Батзандан гишүүн хэллээ.
Н.Туяа

Холбоотой мэдээ