Халдвар тээгч вирус жил бүр шинж чанараа өөрчлөх болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-05-17 23:20:00
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн хүлээн авах тасагт өдөртөө 15-20 дуудлага ирдэг байна. Түүний дийлэнхийг зүрх судасны болон артерийн даралт хэлбэлзэх өвчлөл зонхилж байгаа ажээ.
Дулааны улиралтай холбоотойгоор 0-5 насны хүүхдүүд ханиад хүрч, хүндрэн эмчлүүлэх байдал элбэгшиж байгааг тус тасгийн эрхлэгч Бат-Очир мэдээллээ. Дөрөвдүгээр сарын сүүлч тавдугаар сарын эхээр буюу хаврын саруудад ханиад өвчний дэгдэлт нэмэгддэг байна. Амьсгалын замыг өвчлүүлдэг халдварт энэ өвчнөөр дэгдэлтийнх нь оргил үед насанд хүрсэн 10 хүн тутмын нэг нь, бүх хүүхдийн 30 хувь нь өвчилдөг гэсэн тоон судалгаа байдаг ажээ.
Мандал сумын яаралтай түргэн тусламжийн тасгийн эрхлэгч Б.Бат-Очирын мэдээлж байгаагаар 0-5 насны хүүхдүүд зонхилон ханиад хүрч, хүлээн авах тасагт бүртгэгдсэн бөгөөд 5 сарын 16-ны өдрийн байдлаар 20 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаа гэнэ. Сүүлийн жилүүдэд халдвар тээгч вирус нь жил бүр шинж чанараа өөрчлөх болсон учраас эмчлэх арга зүй, эмийн жор нь ханиад хүрэх бүрт шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа ажээ. Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ ямар нэгэн өвчний зовиур болон дархлаа сулдаж, биед нь мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан даруйд өрхийн эрүүл мэндийн төвд хандан шинэ заавар зөвлөмжийг авч, хүүхдээ богино хугацаанд эдгээх боломжтойг эмч хэллээ. Эцэг эхчүүдийн дундах түгээмэл алдаа нь дур мэдэн антибиотик өгснөөр хүүхэд эмчлэгдэх бус хүндрэх тохиолдол гарч байгааг мөн тэрээр ярилаа. Цэцэрлэг сургууль, албан байгууллагын халаалт дулаан зогссон тул хүүхэд багачууд, насанд хүрэгчид хувцаслалтаа тохируулан, илчлэг тэжээл сайтай хоол хүнс хэрэглэхийг эмч зөвлөж байна.
Ч.Отгонцэцэг 
Холбоотой мэдээ