Умард Солонгос Америкийн 3 иргэнийг шоронгоос суллалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-05-10 06:48:45
ВАШИНГТОН. /АП/. Умард Солонгосын шоронд хоригдож байсан Америкийн гурван иргэн суллагдсан тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэв.

“Ассошиэтед Пресс” агентлагийн мэдээлснээр, Д.Трамп өчигдөр “Твиттер” хуудастаа “АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “гурван гайхамшигтай залуутай” Умард Солонгосоос Вашингтоныг зорин ирж буйг дуулгаж байгаадаа таатай байна” гэжээ. Шоронгоос суллагдсан гурван хүний биеийн байдал сайн байгаа гэнэ.

Солонгос гаралтай, Америкийн гурван иргэний нэг нь номлогч бол хоёр нь багш юм. Төрд тэрсэлсэн үйл ажиллагаа явуулсан гэх хэргээр тэдний хоёрыг нь 2017 оны дөрөв ба тавдугаар сард, нэгийг нь 2015 онд Умард Солонгос саатуулан хорьж эхэлсэн билээ.

АНУ болон Умард Солонгос хоорондын маргаан дагуулсан гол асуудал болоод байсан энэ гурван хүнийг тус хоёр улсын удирдагчдын удахгүй хийхээр төлөвлөж буй дээд хэмжээний уулзалтын өмнө сулласныг ажиглагчид “сайны дохио” гэж үзэж байна.
 
Г.Доржханд

Холбоотой мэдээ