Химийн зэвсэг ашиглан дайралт хийсэн тухай мэдээлэл ирэх аваас Сирид дахин цохилт өгч магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-08 17:54:08
ПАРИС./ТАСС/. Хэрвээ Сирид химийн зэвсэг ашиглан дайралт хийсэн тухай мэдээлэл ирэх аваас Франц улс Сирид дахин цохилт өгч магадгүй гэж Францын Зэвсэгт хүчний сайд Флоранс Парли RTL радиостанцид ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
 
Сирид өгсөн цохилтын зорилго нь Башар Асадын зүгээс химийн довтолгоо явуулахад нь саад хийх явдал байсан гэдгийг Парли хэлсэн байна.
 
“4 дүгээр сарын 14-ны цохилт бол анхааруулах цохилт байсан. Сирид “улаан шугам”-ыг давсан тохиолдол /химийн зэвсэг ашигласан/ гарсан учраас зохих хариу үйлдлийг хийх ёстой байсан” гэж Францын сайд хэлжээ.

Радиогийн сурвалжлагчийн асуултуудад хариулахдаа тэрбээр “сонгож авсан бүх байг устгасан” хэмээн онцлон дурдсан байна. Харин техникийн доголдлоос үүдэн Францын зэвсэгт хүчин зарим пуужингаа харваж чадаагүй гэсэн мэдээллийн талаар сайд хэлэхдээ “ийм мэдээлэлд тайлбар өгмөөргүй байна. Худал байна уу, үнэн байна уу гэдгээс үл хамааран энэ нь цэргийн нууцтай холбоотой” гэлээ.
Э.Аянзаяа

Холбоотой мэдээ