Ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-05-08 12:21:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.
 
Монгол Улсад хөрс, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон таримал болон  зэрлэг овог, төрөл зүйлийн генетик нөөцийг хамгаалах, хадгалах, ашиглах, мэдээллийн сан байгуулах ажлыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг Засгийн газар танилцуулгадаа дурьджээ. НҮБ-ын ХХААБ-аас санаачлан ургамлын генетик нөөцийг хадгалж хамгаалах, тогтвортой ашиглах замаар даян дэлхийн хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зорилгоор дээрх гэрээг 2004 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд одоогоор 144 орон нэгдээд байна. Уг гэрээг соёрхон баталснаар манай орны газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрчимжүүлэхэд нэн шаардлагатай халуун болон өвчин хортонд тэсвэртэй, ургац өндөртэй, чанартай шинэ таримал, түүний сортуудыг бий болгох, сайжруулахад дэлхийн генетик нөөцийг чөлөөтэй ашиглах, хөрөнгө, санхүүжилт авах боломж бүрдэнэ хэмээн ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле  танилцуулав.

Дэлхийн хэмжээнд эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүнд таримал ургамлын 70 төрлийн 20 мянга 500 генетик нөөц бүрдсэн байдаг аж. Харин Монгол Улсад үр тарианы 26, төмс, хүнсний ногооны 80 гаруй сорт байдаг бөгөөд ургац алдсан тохиолдолд гаднаас үр, бордоо оруулж ирдэг байна. Харин дээрх гэрээнд нэгдсэнээр дэлхий нийтийн таримал ургамлын 64 төрлийн генетик нөөцөөр өөрийн орны тариаланд селекци хийх, баяжуулах боломж бүрдэнэ гэдгийг ажлын хэсгийн гишүүд хэлж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Н.Энхболд, Б.Энх-Амгалан, Н.Оюундарь, Д.Лүндээжанцан нарын гишүүд асуулт асууж, санал хэллээ. Дэлхий дахинд хүнсний аюулгүй байдал, эрүүл хүнсний асуудал чухал байгаа ийм үед цөөн хүн амтай манай улсын тухайд бусад улс орны хүнсний ургамлын, тэр дундаа генетик нөөцийг өргөн ашиглах, хилээр оруулж гаргахыг нээлттэй болгох нь зохистой эсэхийг нягтлах шаардлагатай гэдгийг гишүүд хэлж байлаа. Тухайлбал, Б.Энх-Амгалан гишүүн, "Өөрийн орны хөрсөнд тарьж ургуулсан, байгаль, цаг ууртаа дасан зохицсон үр, сортоо улам баталгаажуулж хүн амынхаа хүнсний хэрэгцээг бүрэн хангах ёстой. Нөгөөтэйгүүр хүн амын удмын санд сөргөөр нөлөөлөхүйц хүнс, ургамлын үр, сортоос сэргийлэхийн тулд олон улсын чанарын шаардлага хангасан лабораторитой болоход салбарын яам онцгой анхаарах нь чухал" гэлээ.
 
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах болов.
Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  “Цахим бодлогын түр хороо” байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр товлоод байсан. Гэвч уг тогтоолын төслийг санаачлагчид хуралдаанд оролцоогүй тул маргааш буюу энэ сарын 09-нийг хүртэл түр хойшлуулав.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ