Л.Бямбасүрэн: Хямд үнээр онгоцны түлш нийлүүлэх компаниудтай ярилцаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2018-05-07 09:25:48
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нисэхийн салбарт хувийн хэвшил, хувь хүний оролцоо, хөрөнгө оруулалт, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг Засгийн газрын хуралдаанаар батлаад байгаа. Үүнтэй холбогдуулж хөтөлбөр хэрхэн хэрэгжих болон тус салбарын зарим асуудлаар Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнтэй ярилцлаа.

-“Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн талаар товч танилцуулаач? Хөтөлбөрийн хүрээнд ямар ажил хийх вэ?
-Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэх үндсэн хөтөлбөр батлаад байгаа. Энэ хөтөлбөрийг боловсруулах ажил 2013 оноос эхэлж, 2016 оноос эрчимжүүлж, өнгөрөгч долоо хоногт баталлаа. Дөрвөн жилийн хугацаад хэрэгжих хөтөлбөрийн хүрээнд өргөн уудам нутагтай Монгол оронд хувийн болон жижиг оврын онгоцуудыг нисгэхэд шаардлагатай бүхий л зохицуулалтууд орсон. Тодруулбал дэд бүтэц, боловсон хүчин, шатахууны сүлжээ, хуулийн эрх зүйн зохицуулалт зэргийг зохицуулах юм. 

-Хөтөлбөр хэзээнээс бүрэн хэрэгжиж эхлэх вэ?
-Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд ирэх 4 жил хийх ажлын төлөвлөгөөг одоо эцэслэж батална. Ингэснээр Монголд жижиг оврын болоод хувийн онгоцуудыг нисгэх эрх зүйн шаардлагуудыг багасгах, аль болох хувь хүн, компаниуд хувийн онгоцуудыг оруулж ирж бизнес эрхлэх, өөрсдийн үйл ажиллагаанд ашиглах боломжийг нээнэ.

-Ерөнхий зориулалтын нислэгийн хөгжил өнөөдөр ямар түвшинд хүрээд байгаа вэ?
-Ерөнхий зориулалтын нислэгийн тухайд бүхий л жижиг оврын онгоцууд орно. Жишээ нь, “Цонжин болдог” цогцолборт нислэг үйлддэгийг хүмүүс сайн мэдэх байх. Олон улсын зах зээл дээр жижиг оврын онгоцууд 40 мянган ам.доллараас эхлээд янз бүрийн үнэтэй байдаг. Одоогийн байдлаар 35 хувь хүн, компани ерөнхий зориулалтын нислэг үйлдэж байна. Дээр нь энэ жил оруулж ирэхээр олон хүн саналаа илгээж, ИНЕГ-аас зөвлөгөө авч байгаа. Энэ болгонд тавьдаг шаардлагыг багасгах, ерөнхий зориулалтын нислэгийн хөгжлийг дэмжихэд хөтөлбөр ач холбогдолтой.  

-Энэ төрлийн нислэгээр аялал жуулчлалыг хөгжүүлэхэд мөн тус нэмэртэй байх. Өөрөөр ямар зориулалтаар ашиглаж байна вэ?
Ерөнхий зориулалтын нислэгийг хөгжүүлснээр агаарын тээврийн хүртээмж нэмэгдэж, аялал жуулчлал, байгаль хамгаалал, хөдөө аж ахуй, газар тариалан, эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээ зэрэг салбарын хөгжилд дэмжлэг болох юм. Өөрөөр хэлбэл энэ төрлийн нислэгээр хортон шавьж устгах, гал түймэр унтраах болон алс хязгаарлагдмал аймаг, сумдад төрийн үйлчилгээг хүргэх зэрэг олон үйл ажиллагаа явуулдаг.

-ИНЕГ-ын хувьд онгоцны билетийн үнэ ханшийг бууруулах талаар ямар бодлого чиглэл барьж байгаа вэ?
-Авиа компаниудын билетийн үнэд хамгийн их нөлөөлдөг зүйл бол онгоцны шатахуун байдаг. Билетийн үнийн 30-40 хувьд шатахууны зардал орж байна. Тиймээс шатахууны зардлыг бууруулахын тулд олон эх үүсвэрээс шатахуун нийлүүлэх, дэлхийн зах зээлийн үнээр авиа компаниудад хүргэх асуудлыг Зам тээврийн хөгжлийн яам, ИНЕГ хамтран судалж байгаа.

-Онгоцны шатахууныг өнөөдрийн байдлаар хэдэн компани нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй байгаа вэ?
-Одоогийн байдлаар “Сод Монгол”, “МТ”, “АЖИТ” гэсэн компаниуд онгоцны шатахуун оруулж ирж байгаа. Гэхдээ зөвхөн ОХУ-аас ТС1 гэсэн шатахуун нийлүүлдэг. Үүнийг олон эх үүсвэрээс арай хямд үнээр авах бололцоог судалж байна. БНХАУ-ын онгоцны түлш үйлдвэрлэгч, нийлүүлэгч компаниудтай уулзалт, ярилцлагууд хийж эхэлсэн. Амжилттай болно гэж найдаж байна.

-Агаарын шинэ зам нээх, нислэгийн чиглэл нэмэх талаар ямар судалгаа хийж байгаа вэ?
-Агаарын шинэ зам нээх нь тухайн авиа компанийн санал санаачилгаар гардаг. Шинээр байгуулагдаж байгаа болон одоо үйл ажиллагаа явуулж буй авиа компаниудаас энэ онд БНСУ-ын Чонжу, БНХАУ-ын Гуанжу гэсэн чиглэлд нислэг үйлдэх хүсэлт ирүүлсэн. Үүнийг агаарын харилцааны хэлэлцээрээр дамжуулж биелүүлэхээр ажиллана. 

-Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын шалган бататгах нислэгийг хийж эхэллээ. Албан ёсоор анхны нислэгийг хэзээ үйлдэхээр төлөвлөж байгаа вэ?
-Шинэ нисэх буудлын онгоц буух схемийн шалгалтын нислэг амжилттай хийгдсэн. Дараагийнх нь ирэх
8 дугаар сард хийнэ. Ер нь энэ оны 11 дүгээр сард Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлыг онгоц бууж үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болно. Нисэх буудлыг авч явах компанийн асуудал хэлэлцээрийн шатанд явж байгаа учраас анхны нислэгийн хугацааг хэлэх боломжгүй.
Н.Гантуяа
Холбоотой мэдээ