Монголд анх удаа технологийн шийдэл ашигласан драмын жүжиг тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-04-30 15:30:04
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Аглуу” энтертайнмент,  “B&В”  арт группын уран бүтээлчид Монголд анх удаа “Фауст” драмын жүжгийг ирэх сарын 02-ноос Соёлын төв өргөөний тайзнаа толилуулна.

Энэхүү жүжигт бидний мэдэх драмын жүжгийн уламжлалт тавилт, өнгө төрхийг эвдсэн технологийн дэвшил болон бусад шинэ содон, сонирхолтой шийдлийг багтааснаараа Монголын урлаг шинэ шатанд гарна гэдгийг уран бүтээлчид хэлж байна. Жүжгээс өнөөгийн нийгэм дэх төрөл бүрийн үзэгдэл, хайр дурлал, амьдралын утга учир, хүн өөрийгөө олох, ойлгох тухай хором ч уйдахгүй шинэ сонин шийдлүүдийг үзэх боломжтой.
Үүний нэг нь холограм технологийг Монголд анх удаа театрын тайзнаа ашиглаж байгаа явдал юм. Зөвхөн холограмаар зогсохгүй өмнө нь ямар ч жүжиг, тайзны урлагт олж харж байгаагүй гайхшруулам хорь гаруй шийдэлтэй аж.
Жүжгийн гол дүрд СТА С.Болд-Эрдэнэ, МУГЖ Л. Баттулга, дүрүүдэд МУГЖ Г.Мягмарнаран, Б.Жаргалсайхан, Г.Урнаа, СТА Н.Оюунчимэг нар тоглох юм. Жүжгийг зохиолч, орчуулагч Н.Пүрэвдагва орчуулсан бөгөөд ерөнхий продюсерээр МУГЖ Г.Мягмарнаран, зөвлөх найруулагчаар УГЗ, СУИС-ийн хүндэт професор Ч.Найдандорж, ерөнхий зураачаар МУГЖ Г.Ганбаатар, хөгжмийн зохиолч, найруулагчаар СТА М.Болд ажиллаж байна.
Ж.Болор
Холбоотой мэдээ