“Аз жаргалтай аялгуу-2018” хүүхдийн урлагийн их наадам болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-04-26 18:07:47
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр хотноо “Хүүхдийн урлагийн V их наадам” өнөөдөр эхэллээ. Сум, сургуулийнхаа хэмжээнд зохиогдсон нэгдүгээр шатны тэмцээнээс шалгарсан 2500 гаруй хүүхэд, багачууд хоёрдугаар шатанд хөгжим, дуу, бүжиг, язгуур урлагийн төрлүүдээр өрсөлдөж байгаа юм.
“Аз жаргалтай аялгуу-2018” сэдэвт уг наадмын нээлтийн ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, Засаг даргын орлогч О.Батжаргал, Боловсрол, соёл урлагийн газрын дарга Ж.Пүрэвсүрэн, ГБХЗГ-ын дарга Ж.Энх-Амар нар оролцож, авъяаслаг хүүхдүүдэд амжилт хүслээ.

Хүүхэд нэг бүрийн авъяас чадварыг нээн илрүүлж, шинэ авъяастныг төрүүлэх, хүүхэд багачуудын нөхөрлөлийг бэхжүүлэх, ардын болон орчин үеийн урлагийг өвлүүлэх зорилготой уг наадам 4 дүгээр сарын 26-28 өдрүүдэд зохиогдож, оролцогчдыг А,Б зэрэглэлээр шалгаруулан цом, медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнан урамшуулна.

2018 оныг аймгийн ИТХ-аас “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласны дагуу хүүхдийн хөгжил, хүмүүжил рүү анхаарал хандуулсан олон томоохон ажлууд төлөвлөсний нэг нь энэхүү арга хэмжээ юм. Мөн “6 сарын 1” буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр “Хүүхдийн инээмсэглэл-1000” сэдэвт мянган хүүхдийн найрал дууны наадам зохион байгуулахыг Зорилтот жилийн ажлын хорооны дарга О.Батжаргал энэ үеэр хэллээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ