Туркэд 13 сэтгүүлчид хорих ял оноожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-04-26 12:49:12
АНКАРА. /Би-Би-Си/. Туркийн шүүх 13 сэтгүүлчид терроризмын хэргээр долоо хүртэлх жилийн хорих ял оноосон тухай “Би-Би-Си” телевиз мэдээлэв.

Эдгээр сэтгүүлч нь Туркийн засгийн газрыг ихээхэн шүүмжилдэг “Жумхуриет” сонины ажилтнууд гэнэ. Тэдэнд хорих ял оноосныг “хэвлэлийн эрх чөлөөнд халдсан хэрэг” гэж олон улс үзэж байна.

2016 оны долдугаар сард Туркэд болсон цэргийн эргэлт хийх оролдлогын дараа явуулсан ажиллагааны үеэр энэ сэтгүүлчдийг баривчилж байжээ. “Террорист” байгууллагууд, тэдгээрийн дотор цэргийн эргэлт хийхийг оролдогыг зохион байгуулагч гэгдэж буй номлогч Фетулла Гулены удирддаг байгууллагыг дэмжсэн гэж “Жумхуриет” сонины ажилтнуудыг Туркийн эрх баригчид буруутгаж байна.

Цэргийн эргэлт хийх оролдлого болсны дараа Туркийн хүчнийхэн 50 мянга гаруй хүнийг баривчилснаас гадна 150 мянган хүн, тэдний дотор багш, цагдаа болон сэтгүүлчдийг ажлаас нь чөлөөлсөн билээ.

Өчигдөр хорих ял сонссон хүмүүсийн дунд “Жумхуриет” сонины эрхлэгч, шог зураач болон тоймч бий гэнэ. 

1924 онд байгуулагдсан “Жумхуриет” нь Туркэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд төрөөс тавих хяналт чангарч буй өнөө үед өөрийн “тусгаар тогтнол”-оо хадгалан авч үлдэхийн төлөө тууштай тэмцэж байгаа сонин юм. Тус сонин шүүх хурал болохын өмнө гаргасан дугаарынхаа тэргүүн нүүрэнд “Энэ харгислал хангалттай” гэсэн гарчигтай нийтлэл гаргасан байсан бол шүүх хурлын дараа цахим хуудастаа “Түүхийн өмнө чи нүүрээ хийх газаргүй болно” гэж бичсэн байжээ.

Туркэд хэвлэлийн эрх чөлөөнд халдаж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хяхан хавчиж байна гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг дэлхий дахин шүүмжилсээр байна. Ф.Гулентай холбоотой гэх үндэслэлээр тус улсын шүүх өнгөрсөн гуравдугаар сард 25 сэтгүүлчийг шоронд хийсэн юм.

Г.Доржханд
 

Холбоотой мэдээ