Б.Дэлгэрмаа: ОХУ манай геополитик, эдийн засгийн хамгийн том түншлэгчийн нэг

Хилийн чанадаас
dogsom@montsame.mn
2018-04-26 11:56:51
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаатай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

Хэдхэн хоногийн өмнө Монгол Улс “TransRussia” Олон улсын тээвэр, логистикийн үйлчилгээ, технологийн үзэсгэлэнд оролцож, “Транзит Монгол- 2018” форумыг Москва хотноо амжилттай зохион байгууллаа. Энэхүү үзэсгэлэн форумын ач холбогдлын талаар ярилцлагаа эхэлье

-"TransRussia- 2018” үзэсгэлэнд энэ жил 26 орны 320 аж ахуйн нэгж оролцсон томоохон арга хэмжээ боллоо. ОХУ-д Олон улсын чанартай томоохон арга хэмжээ нэлээд болдог ч Монголын аж ахуй нэгж, компаниуд тэр бүр оролцоод байдаггүй. Харин энэ удаагийн “TransRussia- 2018” үзэсгэлэнд манай улсын Төр болон Хувийн хэвшлийн 11 байгууллага анх удаа оролцож, өөрсдийн үйл ажиллагаагаа танилцууллаа. Европ- Азийг холбосон хамгийн товч, аюулгүй зам бол Монгол юм шүү гэдгийг үзэсгэлэн, форумын үеэр бид онцолсон. ДНБ-ний хэмжээгээр дэлхийд хоёрдугаарт бичигддэг БНХАУ, 13-т бичигдэж буй ОХУ гэх хоёр томоохон зах зээлийг холбож буй тээврийн коридор манай улсад үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна. Өнөө цагт зөвхөн оролцоо бус оролцоод юу олж авав гэдэг нь чухал болсон. Улсаа төлөөлөн оролцсон байгууллага, компаниуд ямар сүлжээ бий болгов, ямар шинэ түнштэй болов, Монголдоо юуг шинээр нэвтрүүлэв зэргээс үр дүн харагдана л даа.
 Ер нь 1990-ээд оноос хойш Монгол, Оросын уламжлалт харилцаа бага зэрэг холдсон гэж хэлж болно. ОХУ манай геополитик, эдийн засгийн хамгийн том түншлэгчийн нэг. Улс орноо төлөөлж буй Элчин сайдын хувьд энэхүү том зах зээлд Монголынхоо боломжийг танилцуулж, “Транзит Монгол- 2018” үзэсгэлэн, форумыг зохион байгуулсан “Озон Вишинс” ХХК, оролцсон төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад талархал илэрхийлье. 
-Монголоор дамжих Евро-Азийг холбосон тээврийн коридор Казахстан болон Манжуураар дамжих коридороос 1000 орчим км-ээр дөт. Казахстан улс уг коридорын гол тоглогч байхыг ихээхэн сонирхож байгаа. Монгол Улс давуу талаа хэрхэн ашиглах боломжтой вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үед Талын зам, ОХУ-ын Евро-Азийн эдийн засгийн коридор, БНХАУ-ын Торгоны зам санаачлагыг нэгтгэсэн “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т 3 улсын төрийн тэргүүн нар Ташкент хотноо гарын үсэг зурсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих 32 төслийн 7 нь төмөр зам, дэд бүтэцтэй холбоотой. Эдийн засгийн коридор Монгол Улсыг тойроод Казахстаны нутгаар дамжих магадлал өндөр учир бид төмөр замын салбарт онцгой анхаарч буй юм. Ямар бодлого явуулж байж Орос, Хятадын хооронд гол тоглогч болох вэ? гэдэг дээр ухаанаа зарах хэрэгтэй. Тээврийн салбар манай орны хөгжлийн болон гадаад орнуудтай өрнүүлэх хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдийн нэг мөн. Сүүлийн жилүүдэд бид дамжин өнгөрөх тээврийн урсгалыг нэмэгдүүлэхэд таатай эрх зүйн орчинг бий болгоход анхаарч байна. Эдийн засгийг хөгжүүлэн, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд эхний ээлжинд үр дүнтэй, найдвартай тээвэрлэлт хийх шаардлагатай.

-Монгол, Оросын харилцаа аль салбарт илүү хөгжих ирээдүй харагдаж байна вэ?
-2017 онд ОХУ-тай хийсэн худалдааны эргэлт 38 хувиар өсч 1.2 тэрбумд хүрсэн. Үүний дийлэнхийг ОХУ-ын нефтийн экспорт эзэлж буй. Тиймээс манайд алдагдалтай, худалдааны тэнцвэргүй байдлыг өөрт ашигтайгаар эргүүлэх боломжийг эрэлхийлэх хэрэгтэй байна. Манай хоёр орны хөдөө аж ахуй, эрчим хүч, байгаль орчны салбарын хамтын ажиллагаа ирээдүйтэй. Эдгээр салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд бид хоёр талын томоохон уулзалтуудыг зохион байгуулж, байр сууриа илэрхийлээд үр дүнтэй тохиролцоонд хүрсээр байна.
 Жишээлбэл хоёр улсын Хөдөө аж ахуйн салбарын сайд нар 6 удаа уулзсан бөгөөд “Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөр”-ийг 3 дахь удаагаа хэрэгжүүлэхээр болсон. Малын мялзан, шүлхий зэрэг өвчинд Оросын вакцин үр дүнтэй байдаг. Тиймээс 66 сая малаа эрүүлжүүлж, монгол малын мах тэр дундаа хонины махыг Орос руу экспортлох бүрэн боломж харагдаж байна.
 Уул уурхайн салбарт мөн хамтран ажиллах олон боломж бий. Өнгөрөгч онд Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргалын айлчллаар Монгол Улс ОХУ-ын Геологийн фондоос сүүлийн 30 жил авч чадахгүй байсан 74 CD-ийг хүлээж авсан. Тэр бол социализмын үед Оросын геологчдийн Монгол Улсад хийсэн судалгааны үнэт баримтууд юм. Үүнийгээ үр өгөөжтэй ашиглахад анхаарал хандуулах нь зүйтэй.      
 Түүнчлэн уламжлалт боловсрол, соёл урлаг, спортын салбарын хамтын ажиллагаа хоёр улсын харилцаанд чухал ач холбогдол үзүүлсээр ирсэн. Одоогоор ОХУ-д 2224 монгол оюутан суралцдаг. Тэдгээрийн 1234 нь ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр сурч байна. Хүмүүнлэгийн салбараас илүүтэй эрчим хүч, байгаль орчин, уул уурхайн салбарын боловсон хүчин манайд нэн шаардлагатай. Тиймээс ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны тоо 360 байсныг 500 болгон нэмэгдүүлсэн.

ОХУ манай геополитик, эдийн засгийн хамгийн том түншлэгчийн нэг гэж та хэллээ. Энэ том гүрэнтэй харилцахдаа бид юун дээр анхаарах ёстой вэ? 
-Мэдээж харилцаж буй орныхоо эрх ашигт хүндэтгэлтэй хандах нь чухал. Төрийн залгамж холбоо, төрийн ой санамж, тогтвортой байдал нь аливаа улсын түншлэлийн гол зарчим мөн. ОХУ, БНХАУ зэрэг улс төрийн тогтвортой системтэй улс орнууд нэг л багаараа ажиллаж, багаараа шийдвэр гаргаж, багаараа хэрэгжүүлдэг. Манайх тогтворгүй улс төртэй. Дараа битгий шинэ сайдтай ирээрэй гэж оросууд тоглоомоор надад хэлдэг /инээв/. Бие биенийхээ хийсэн ажлыг үгүйсгэж, намчирхах байдал манайханд ажиглагддаг. Бид дотроо “зодолдсон” ч, гаднаа Монгол Улс гэх нэг эрх ашиг дор нэгдэх ёстой.

-Та үүрэгт ажлаа хүлээж аваад хоёр жил болж байна. Энэ хугацаанд ямар ажлуудыг амжуулсан бэ? Монгол Улсаас ОХУ-д суугаа анхны эмэгтэй Элчин сайдын хувьд юун дээр анхаарч байна вэ?
 -Одоогоос яг хоёр жилийн өмнө Итгэмжлэх жуух бичгээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд өргөн барьж байв. Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайдыг улс төрийн томоохон шийдвэрээр томилдог. Би тус улсад суух 25 дахь бөгөөд анхны эмэгтэй Элчин сайд. Эмэгтэй хүн болоод ч тэр үү ЭСЯ-ны хашаагаар анх орж ирээд энэ гоё барилгыг тордох хэрэгтэй юм байна даа гэсэн бодол төрсөн. Тэгээд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тусламжтайгаар ЭСЯ-ны хашааны 6 соёмбот баганыг босгож, их дааман хаалгыг шинэчилсэн. Түүнээс гадна ёслолын гэрийн шал, хуучирч муудсан тавилгыг солих зэрэг бага зэрэг засварууд хийсэн. Харин томоохон ажлуудын нэг бол Монгол, Оросын дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулсан явдал. Тэрхүү арга хэмжээнд урьд өмнө ирж байгаагүй томоохон зочид төлөөлөгчид оролцож, түүний үр өгөөж хожим нь их гарсан. Хүндэтгэлийн хүлээн авалт гэдэг нэг ёсны дипломат тактик бөгөөд бага чулуугаар, их чулуу доргиох арга. 95 жилийн ойн арга хэмжээнд “Росконгресс”-ын удирдлагыг урьснаар бид Дорнын Эдийн засгийн форумын павильоны 150 мянган долларын хураамжаас чөлөөлөгдсөн. 200 мянган тонн үрийн буудай, 4.2 сая вакцин хүмүүнлэгийн тусламжаар авсан нь мөн л арга хэмжээ зохион байгуулж, хүмүүстэй найрсаг харилцаатай байсных. Арга хэмжээ зохион байгуулах бүрт хоёр улсын харилцаа сайжирч, хөгжин дэвжиж байдаг.

-ЭСЯ-ны хоёрдугаар байранд мөрийтэй тоглоомын газар ажиллаж байна гэсэн мэдээлэл өнгөрөгч онд тарсан. Үүнтэй холбоотой асуудал шийдэгдсэн үү?
-Москва хотод Монгол Улсын 4 объект байдаг. Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссын 21 дүгээр хуралдаанаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор Москва хотод буй Монгол Улсын өмч объектуудыг үзэж, шалгасан.
 ЭСЯ-ны нэгдүгээр байр 1914 онд баригдсан бөгөөд Монгол Улс 1956 онд худалдаж авсан байдаг. Консулын байр буюу ЭСЯ-ны хоёрдугаар байрыг мөн манай Засгийн газар 1965 онд худалдаж авсан юм билээ. 2007 онд С.Баяр Элчин сайд байх үедээ уг байрны дээд давхрыг “Центр- Регион Эстейт” гэх компанид түрээслүүлсэн байдаг. Тэр компаний түрээсэлсэн давхарт мөрийтэй тоглоомын газар ажиллаж байсан нь тогтоогдсон. 2017 оны 9 дүгээр сард түрээсийн гэрээний хугацаа дууссан ч тодорхойгүй шалтгаанаар одоог хүртэл манай байрыг суллаж өгөөгүй л байна. Энэ асуудлаар манай Засгийн газар болон ЭСЯ ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа.

-ОХУ-д  2000 гаруй оюутан суралцдаг гэж та хэллээ. Оюутнууд руу чиглэсэн ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

-ОХУ-д сурч буй оюутнууд бусад оронд суралцаж буй оюутнуудаас ялгаатай.  Өглөөнөөс орой болтол хичээлтэй, мөн ажил эрхлэх ямар ч боломжгүй. Манай оюутнууд маш идэвхтэй. Өөрсдөө олон үйл ажиллагаа зохион байгуулдаг. Хөрөнгө санхүү дутагдахаар ЭСЯ-д хандаж туслалцаа хүсдэг, тэр бүрт нь бид дэмждэг. Манай дэмжлэгтэйгээр шинжлэх ухаан, нийгэм, урлаг, спортын олон арга хэмжээ болсон. Оюутнуудын үүсгэн байгуулсан Илтгэх урлаг, мэтгэлцээний клубын гишүүд ням гараг бүр манай консулын байранд хичээллэж, илтгэх, мэтгэлцэх чадвараа хөгжүүлдэг.
Түүнчлэн Монгол, Оросын найрамдлын сарын хүрээнд Элчин сайдын нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн, Монгол Улсын анхны Элчин сайд Даваа гүний нэрэмжит Ширээний теннисний тэмцээн, Ж.Самбуу гуайн нэрэмжит шатрын тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг.
Миний ээж Н.Норовбанзад 1957 онд Москва хотноо болсон Дэлхийн оюутан залуучуудын фестивальд оролцоод анхны алтан медалийг эх орондоо авч ирж байсан түүхтэй. Ээжийнхээ дурсгалд зориулаад энэ жил Москва хотноо сурч буй оюутнуудын дунд “Норовбанзад сан”-ийн дэмжлэгтэй 1000 долларын шагналын сантай урлагийн их наадам зохион байгуулсан. Шагналын сан өндөр байсан болоод тэр ч үү 150 гаруй оюутан оролцсон маш  өрсөлдөөнтэй тэмцээн болсон. Шагналт байрт шалгарч чадаагүй ч миний сэтгэлийг хөдөлгөсөн үзүүлбэр үзүүлсэн 5 оюутанд хувиасаа 500 ам.доллар нэмж гардуулсан. Ямартаа ч Элчин сайд байх хугацаандаа ээжийнхээ нэрэмжит урлагийн наадмыг зохион байгуулж, оюутан залуусаа дэмжих болно. 
-ОХУ-ын гадаад харилцааны өнөөгийн байдал ямар байна вэ? Саяхан АНУ болон Европын Холбооны улсууд ОХУ-ын эсрэг хориг тавьж, олон дипломатыг нутаг буцаасан. Энэ асуудалд манай улс яаж хандах ёстой вэ?
-ОХУ-ын ГХЯ бүх улсын ДТГ-ын тэргүүнийг урьж ОХУ-ын тагнуулч асан, хурандаа Сергей Скрипалийг хордуулсан гэх хэргийн талаар мэдээлэл хийсэн. Түүний дараа ОХУ дахь Их Британийн ЭСЯ мөн ДТГ-ын тэргүүнүүдийг урьж мэдээлэл өгсөн. Бидний хувьд аль аль талын арга хэмжээнд оролцож, төвийг сахисан байр суурьтай байна. ОХУ-ын эсрэг тавьж буй хориг улсын эдийн засагт хүндээр нөлөөлж байна. Хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын ГХЯ гадаадад буй Элчин сайд нараа цуглуулж гадаад бодлогын асуудлаар том хурал хийсэн. Манай ЭСЯ авч буй мэдээллүүдээ төвийг сахисан байдлаар боловсруулж ҮАБЗ, БХЯ, ГХЯ-д явуулж байгаа. 
 
 
Л.Нандиа
 
  
 
  
 
 
 

Холбоотой мэдээ