Эдийн засгийн нөхөн сэргэх чадварыг бэхжүүлэхэд анхаарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-04-25 10:32:20
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОУВС, Дэлхийн Банкны  үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор жил бүрийн хавар ОУВС, Дэлхийн банкны хамтарсан Хөгжлийн хороо, ОУВС-гийн Мөнгө, санхүүгийн хорооноос гишүүн орноо төлөөлөн ажиллах захирагч нарын дунд уулзалт, хуралдааныг зохион байгуулдаг уламжлалтай.

АНУ-ын Вашингтон хотод  энэ сарын 16–22-ны өдөр тохиож буй энэ жилийн хаврын ээлжит чуулга уулзалтад Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан төлөөлөгчид оролцов.

Хаврын уулзалт нь ОУВС, Дэлхийн банкны ивээл дор хоёр жил тутам зохион байгуулагддаг дэлхийн санхүүгийн ертөнцийн томоохон арга хэмжээнүүдийг нэг юм. Уулзалтаар олон орны  Сангийн болон Хөгжлийн сайд нар, парламентын гишүүд, Төв банкны ерөнхийлөгчид, эдийн засгийн чиглэлийн эрдэмтэд, томоохон бизнесийн төлөөллүүд оролцож, дэлхий нийтийн болон улс орнуудад тулгарч буй сорилт бэрхшээл, ирээдүйн төлөв, ядуурал, эдийн засгийн хөгжлийн талаар санал бодлоо солилцдог.

Энэ жилийн хаврын ээлжит чуулга уулзалт нь Дэлхий Нийтийн Хүсэл Тэмүүлэл, Сорилт Бэрхшээлийг Даван Туулах өргөн сэдвийн дор дэлхийн эдийн засаг дахь төр хувийн хэвшлийн түншлэлийн ирээдүйн төлөв, дэвшилтэт техник технологид оруулж буй хөрөнгө оруулалт, эдийн засгийн нөхөн сэргэх чадварыг бэхжүүлэх асуудлыг онцоллоо.

Хаврын уулзалтын үеэр Монгол Улсыг хариуцах ОУВС, Дэлхийн Банкны удирдлага болон мэргэжилтнүүдтэй өнгөрсөн хагас жилийн хугацааны хамтын ажиллагааг дүгнэн санал солилцож, Монгол Улсын эдийн засаг, төсөв санхүүгийн 2018 оны эхний улирлын байдлыг танилцуулж, цаашдын арга хэмжээний талаар зөвшилцөх уулзалтыг өрнүүлсэн байна.

 
Холбоотой мэдээ