Бэлчээрийн хортонтой тэмцэх ажилд малчин өрх бүр оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-04-23 00:15:05
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Өлзийт, Баян-Овоо, Эрдэнэцогт, Хүрээмарал, Бууцагаан сумдын малчин өрх бүрээс нэг гишүүн 7-10 хоногийн хугацаанд үлийн цагаан оготнотой тэмцэх ажилд оролцохоор болжээ.
Тодруулбал, бэлчээрийн хөнөөлт мэрэгч үлийн цагаан оготно устгалын 
ажлыг энэ жил малчдын оролцоотойгоор зохион байгуулахаар болж, шаардагдах шатахуун, хоол хүнс, багаж төхөөрөмж, тээврийн зардлыг орон нутгийн төсвөөс гаргахаар болсон байна. Харин хэрэглээний дээрх зардлаас өөрөөр цалин урамшуулал байхгүй гэнэ. Бактержуулсан бэлдмэлийг орон нутгийн төсвийн 150 сая төгрөгийн хөрөнгөөр худалдан авч байгаа ажээ.
Баянхонгор аймгийн хангай, тал хээрийн бүсийн 1.4 сая га талбайд үлийн цагаан оготно тархсан гэсэн судалгаа гарсан байдаг байна. Өвс, ургамал сайтай бэлчээр нутаг жил дарааллан малын хөлд талхигдсанаас хөрс дагтаршиж, ургамал сийрэгжин улмаар оготно олшрох таатай нөхцлийг бүрдүүлдэг аж. Ийнхүү тархсан бэлчээрийн хөнөөлт мэрэгч үлийн цагаан оготныг устгах хаврын ажлыг ирэх долоо хоногийг дуустал өрнүүлэх юм байна.
                                                                                                                  Б.Мөнхзул
Холбоотой мэдээ