Дуучин Мэрайя Кэри "сэтгэл цочирдлын хоёр туйлт эмгэг"-тэй болсноо нийтэд дэлгэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2018-04-12 10:33:34
НЬЮ-ЙОРК. /АП/.  Америкийн алдарт дуучин Мэрайя Кэри “сэтгэл цочирдлын хоёр туйлт эмгэг” хэмээх сэтгэцийн эмгэгтэй 17 жилийн турш тэмцэж байгаагаа нийтэд дэлгэлээ.

"Ассошиэтед" Пресс" агентлагийн мэдээлснээр, өдгөө 48 настай дуучин саяхан “People” сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ энэ тухай ам нээсэн байна. 2001 онд бие нь муудаж, эмнэлэгт хэвтэх үеэрээ ийм эмгэгтэй болсноо тэрбээр анх мэдэж байжээ.

Дэлхийн хэмжээнд 200 сая гаруй ширхэг цомог борлуулсан дуучин бүсгүй ярихдаа “Өнгөрсөн 20 орчим жил надад амаргүй байсан. Гэхдээ би саяхнаас л эмчилгээ хийлгэж эхэлсэн. Саяхныг хүртэл би өөрөө өөрийгөө бусдаас тусгаарлаж, хэн нэгэн миний энэ эмгэгийн талаар бусдад дэлгэчих вий гэж байнга айж эмээдэг байсан. Ийм ачаа үүрч явах үнэхээр хүнд байна. Тиймээс би өөрийнхөө нөхцөл байдлыг зориг гарган бусдад мэдэгдэж байна” гэжээ.

“Одоо би эмчилгээ хийлгэж байна. Эерэг хүмүүсээр өөрийгөө тойрон хүрээлүүлж, дуу бичих, ая зохиох гээд өөрийнхөө дуртай ажлыг буцаад хийж байна” гэж тэрбээр ярьсан байна.

“Сэтгэл цочирдлын хоёр туйлт эмгэг”-ийн үед сэтгэл гутрал болоод сэтгэл хөөрлийн хам шинжүүд хавсран илэрдэг байна.

Сэтгэцийн энэ төрлийн эмгэг чухам юунаас үүдэлтэй болох нь яг тодорхойгүй боловч шинжээчдийн зарим нь “Энэ эмгэг нь хүүхэд насанд үзсэн хүнд хэцүү амьдрал, удамшил эсвэл химийн хүчин зүйлсээс үүдэлтэй байж магадгүй” гэж тайлбарласан байдаг аж.
 
Г.Доржханд

Холбоотой мэдээ