Эрдоган уулзахыг Путинд санал болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-27 14:48:10

АНКАРА. /RIA Novosti/. Францын нийслэл Парис хотод даваа гарагт буюу 11 дүгээр сарын 30-нд эхлэх Уур амьсгалын асуудлаарх олон улсын бага хурлын үеэр уулзах саналыг Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Оросын төрийн тэргүүн Владимир Путинд тавьсан тухай телевизийн “France 24” суваг мэдээлжээ.

“ОХУ-ын Ерөнхийлөгчид би уулзах хүсэлт тавьсан боловч одоогоор хариу аваагүй байна” гэж Эрдоган хэлсэн байна.

Парисын бага хурлын үеэр Орос болон Туркийн Ерөнхийлөгч нарын тусдаа хийх уулзалтад бэлтгээгүй гэж Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков пүрэв гарагт мэдээлжээ. “Хоёр орны удирдагчид утсаар ярихаар төлөвлөсөн талаар надад ямар ч мэдээлэл байхгүй” гэж тэрбээр хэлсэн байна.

Су-24 бөмбөгдөгч онгоцыг сөнөөсний дараа ОХУ-ын Ерөнхийлөгчтэй утсаар холбогдохыг оролдсон боловч Путин харилцуураа аваагүй бөгөөд эргэж залгаагүй гэж Туркийн төрийн тэргүүн пүрэв гарагт ярьжээ. “Хэрэв энэ нь Оросын онгоц байсныг бид мэдэж байсан бол өөр арга хэмжээ авах байсан” гэж Эрдоган “France 24” сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.

Үүнээс гадна, Туркийн удирдагч Анталья хотод саяхан болсон “Их 20”-ийн бүлгийн уулзалтын үеэр Оросын нисэх онгоцууд улсынх нь агаарын орон зайн хилийг хэд хэдэн зөрчсөнийг Путинтай биечлэн уулзаж хэлснээ цохон тэмдэглэжээ. “Улсынхаа агаарын орон зайг хамгаалах эрхээсээ тусгаар тогтносон ямар ч улс татгалзахгүй” гэж Эрдоган хэлсэн байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ