З.Нарантуяа: "Эрдэнэс Таван толгой" ХК-ийг нийтийн өмчлөлийн компани болгох хуулийн төсөл боловсруулсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-04-09 13:47:42
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, "Эрдэнэс Таван толгой" компанийг нийтийн компани болгох тухай хуулийн төслийн үзэл баримтлал, УИХ-ын гишүүний ёс зүй гэсэн хоёр асуудлыг хэлэлцжээ.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээллийн эхэнд хэлэхдээ, “Төрийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа гишүүний ёс зүйн асуудлыг УИХ хэлэлцэж  шийдэх нь зүйтэй. МАН-аас өгсөн тайлбараар бол "УИХ-ын гишүүн Д.Гантулгын асуудал хуулийн мухардалд орлоо" гэсэн зүйл ярьж байна. Хууль тогтоох төрийн дээд байгууллагад хуулийн мухардал гэдэг ойлголт байхгүй. Үндсэн хуулинд УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол УИХ-ын чуулганаар заавал хэлэлцэнэ гэж үаасан. Мөн тухайн гишүүн түдгэлзэх өргөдлөө гаргасан бол УИХ зайлшгүй хэлэлцэн шийдвэрлэх учиртай" гэлээ.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа, "Монгол Улсад бүх иргэн хувьцааг нь эзэмшдэг ганц компани нь "Эрдэнэс таван толгой" ХК юм. Гэтэл нийтийн өмчлөлийн компанийн эрх зүйн үндэс болоод баялаг хөрөнгийг нь хэрхэн зарцуулах, ямар шалгуур шаардлага тавих эсэх гэсэн хууль байхгүй. Өнөөдөр иргэд нь 14 хувийг нь эзэмшиж байгаа хэрнээ ногдол ашиг авч, үйл ажиллагаанд нь оролцож чадахгүй, удирдах албан тушаалд нь сонгогдож чаддаггүй. Гэтэл 86 хувийг эзэмшиж байгаа төр өрөнд оруулаад, зээл аваад энэ компанийг ашиггүй ажиллуулдаг. Борлуулалтын болоод бусад гэрээг ямар ч ашиггүй хийдэг. Муу засаглалтай компанийн үлгэр жишээ болоод байна. Тиймээс бид энэ компанийг нийтийн өмчлөлийн компани гэдэг утгаар нь хуулийн зохицуулалтуудыг шинэчилж хуулийг батлуулахаар тогтоод байна" хэмээв.

Ерөнхийлөгч УИХ дахь Ардчилсан намын бүлэгтэй хамтарч Байгалийн баялгийн хуваарилалтын хуулийн төслийн үзэл баримтлал дээр нэг жилийн хугацаанд ажиллажээ. Бүлгийн гишүүд өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслийг дэмжсэн бөгөөд Ерөнхийлөгч хуулийн төслийг ирэх 7 хоногт УИХ-д өргөн барих аж.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ