Иргэдэд газар эзэмших, өмчлөх асуудлаар зөвлөгөө, мэдээлэл өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-04-09 12:09:58
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь жил бүр иргэдийн газар эзэмших, өмчлөх ажлыг эрчимжүүлэх зорилгоор аймгийн төв болон 18 суманд “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг зохион байгуулдаг билээ. Энэ оны “Нээлттэй хаалганы өдөр” газар өмчлөлийн арга хэмжээний хүрээнд өнөөдөр буюу 9, 10-ны өдрүүдэд үргэлжлэх юм байна. 
Тус арга хэмжээний үеэр тус аймгийн  "Газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөө"-ний Хот суурины газрын төлөвлөгөөний дагуу иргэдээс газар өмчлөх, эзэмших, ашиглах хүсэлтийг хүлээн авах, олон нийтэд газрын  хуулиуд болон газар эзэмших болон өмчлөх асуудлаар зөвлөгөө, мэдээлэл өгөх үйл ажиллагаанууд зохион байгуулагдаж байна. 
“Нээлттэй хаалганы үеэр газар олголт шууд явагдаагүй, газар өмчлөх эрхийг нь бүртгэх, газрын тухай хуулийг сурталчлах, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хугацаа ирэх сарын нэгний өдрөөр дуусгавар болж буйтай холбогдуулан иргэдээс санал асуулга авах, цаашид өмчлөх эрхээ хэрхэн эдлэх вэ гэдгийг таниулан ойлгуулахаар энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Иргэд газар олголт шууд явагдаж байна гэсэн буруу ойлголттойгоос болж өөртөө болон бидний ажилд хүндрэл чирэгдэл учруулж байна” хэмээн Говь-Алтай аймгийн ГХБХБГ-ын Газрын удирдлагын хэлтсийн дарга Ж.Мөнхболд онцлов.
Тус аймгийн хэмжээнд энэ онд 18 сум, 2 тосгонд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 1693 иргэнд 122.45 га газрыг үнэ төлбөргүй өмчлүүлэхээр төлөвлөжээ. 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ