Пакистаны дүрвэгчдийг Европын Холбоо албадан гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-11-27 11:33:14

МОСКВА. /Sputnik/. Ойрхи Дорнодын хүчирхийллээс зугтаж буй хүмүүсийг багтаахын тулд Пакистаны хэдэн арван мянган хууль бус цагаачдыг албадан гаргах ажлыг хурдасгахаар Европын Холбоо төлөвлөж байна.

Энэ шийдвэрээс улбаалан, хэн нь хууль ёсны дүрвэгч болохыг улс орнууд яаж тодорхойлдог болон хэнийг албадан гаргаж, хэн нь үлдэж болох талаарх шугамыг хаана зураад байгаа тухай асуултууд гарч ирсэн байна.

Шилжин суурьшигчид эргэн очиход аюултай гэж Пакистаныг үздэггүйгээ тус улсын нийслэл Исламабад хотод энэ сарын эхээр айлчлах үеэрээ Европын шилжин суурьшилт, дотоод хэрэг, иргэншил хариуцсан комиссар Димитрис Аврамопулос илэрхийлсэн байна.

“Пакистанчууд улс төрийн дүрвэгчид биш. Пакистанд ардчилсан үйл явц болж байна. Пакистан бол иргэдээ хавчдаг улс биш бөгөөд ардчилсан хэвийн төлөвт шилжүүлэхийн тулд эрх баригчид нь ихийг хийсэн” гэж тэрбээр хэлжээ.

Гэвч уг асуудлыг шийдвэрлэж буй Европын Холбооны арга замд Пакистаны зарим албаны хүмүүс сэтгэл дундуур байна.

Албадан гаргах гэж буй хүмүүсийн харьяаллыг тодорхойлохгүй байгаа гэж тус улсын Дотоод хэргийн сайд Чаудхри Нисар Али Хан Европын Холбоог сэрдэв.  

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ