Ховдод хүүхэд, нярайн эмнэлэг нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-03-29 14:24:34
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймагт Хүүхэд, нярайн эмгэгийн оношилгоо, эмчилгээ, сувилгаа, зөвлөгөө, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх, анагаах ухааны чиглэлээр судлагаа шинжилгээний ажил эрхлэх, эцэг эхчүүдэд зөвлөн туслах үйлчилгээ бүхий "Гурван Эрдэнэ" хүүхэд, нярайн хувийн эмнэлэг үүдээ нээлээ.

“Гурван Эрдэнэ” Хүүхэд, нярайн эмнэлэг нь нярай болон бага насны хүүхдэд зонхилон тохиолдох шарлалт, эмгэгийг эрт оношлох, эмчлэх,шарлалтаас урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дэмжих, эрүүл мэндийн чиглэлийн судалгаа шинжилгээний ажилд хамтран ажиллах юм. Эмнэлгийн үйлчилгээг явуулахдаа Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль, дүрэм, тушаал шийдвэрийг даган мөрдөж, ард иргэдэд хөнгөн шуурхай үйлчилгээг үзүүлэх юм.
Ховд аймагт анх удаа байгуулагдаж байгаа тус эмнэлгийг хүүхэд нярайн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн их эмч  Г.Солонгоо, С.Доржханд нар санаачлан байгуулж байгаад эцэг, эхчүүд талархан дэмжиж байна.

0-5 насны хүүхдийн өвчлөлийн гол шалтгаан нь амьсгалын замын эмгэг, нас баралтын гол шалтгаан нь пренатал буюу төрөлт ойрын үед үүссэн эмгэг ургийн гаж нөлөө  эзэлдэг гэж эмч, мэргэжилтнүүд үзэж байна. Энэ нь урагт нөлөөлөхүйц хортой бодис, хүчтэй нөлөөлөх эм, архи, тамхи хэрэглэвэл үүсдэг элдэв гаж нөлөө юм. Мөн бидний ажиллаж, амьдарч байгаа орчны нөлөө маш их. Үүнээс гадна фолийн хүчил, амин дэмүүд дутагдвал ургийн гаж хөгжил бий болдог гэнэ.
                                                                                                                                     А.Бямбасүрэн 
   

Холбоотой мэдээ