Улсын тэргүүний сум шалгаруулах баруун бүсийн зөвлөл сумдын ажилтай танилцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-03-28 09:48:17
Ховд/МОНЦАМЭ/ Улсын тэргүүний цолонд нэр нь дэвшсэн сумдын ажлыг газар дээр нь шалгаж, дүгнэх зорилгоор Улсын тэргүүний сум шалгаруулах Баруун бүсийн зөвлөлийн ажлын хэсэг  энэ долоо хоногийн сүүлээр Ховд аймгийн Булган суманд ажиллана. 
Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын тэргүүний сум шалгаруулах” болзлын дагуу хоёр жил тутамд бүс бүрээс нэг сум шалгаруулдаг. Энэ уламжлалын дагуу Ховд аймгийн Булган, Увс аймгийн Бөхмөрөн, Завхан аймгийн Тосонцэнгэл, Говь-Алтай аймгийн Төгрөг , Баян-өлгий аймгийн Толбо сум “Улсын тэргүүний сум шалгаруулах болзол” хангаж, холбогдох материалаа Баруун бүсийн зөвлөлд ирүүлсэн байна. 
Ажлын хэсэг  энэ сарын 27-ны өдрөөс 04 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд дээрх таван  суманд ажиллаж байгаа бөгөөд  Баян-Өлгий аймгийн Толбо сумаас ажлаа эхэлжээ.
Улсын тэргүүний сум шалгаруулах ажлын хэсгийн ахлагчаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд, гишүүдээр Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Батжаргал, Завхан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга О.Энхбат, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Тилеген, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-эрдэнэ тэргүүтэй 25 хүний бүрэлдэхүүнтэй холбогдох мэргэжилтнүүд ажиллаж байна.
Ажлын хэсэг дүнгээ ирэх  04 дүгээр сарын 04-ний өдөр Баруун бүсийн зөвлөлийн хуралд танилцуулах юм. 
А.Бямбасүрэн
 

Холбоотой мэдээ