НИТХ-ын дарга Налайх дүүргийн МСҮТ-ийн оюутнуудтай уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-03-27 16:36:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар,Налайх  дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, МСҮТ-тэй хамтран дүүргийн хүүхэд залуучуудад мэргэжил сонголт, мөрөөдөл, ирээдүйн боломжуудын талаар мэдээлэл хүргэх уулзалт, ярилцлага зохион байгууллаа.

Уг уулзалтад урилгаар НИТХ-ын дарга С.Амарсайхан, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нар оролцож, улс эх орны гэрэлт ирээдүй болсон хүүхэд залуустай өв соёл, түүх, уламжлал, ирээдүйн хэн болох, ямар зорилго, мөрөөдөлтэй сурч боловсрох талаар  яриа өрнүүллээ.
 
Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан Налайх дүүрэгт өнгөрүүлсэн хүүхэд насныхаа талаар дурсамжаас хуваалцаж, оюутан сурагчидад хандан эрдэм номдоо шамдан суралцаж, их зүйл рүү тэмүүлэн ирээдүйн бүтээгч иргэд болохыг хүсэн ерөөлөө. Тэрбээр "Манай гэр гуравдугаар хороонд байдаг байсан, одоо ч энд манай ээж, эгч дүү нар амьдарч байгаа. Гуравдугаар хорооны дэнжээс Эрдмийн оргил сургууль хүртэл цастай, бороотой, салхитай, шуургатай хаврын хавсарга, өвлийн хүйтэнд сургууль руугаа алхаж ирдэг. Ингэхдээ МСҮТ-ийн хажуугаар алхаж гардаг байсан маань саяхан болсон мэт санагдаж байна. Энд ирж ах нарынхаа цэрэгжилтийн хичээлийг нь сонирхож, мужааны ангид сандал хийж байсан түүх надад бий. Энэ бүх үйл явдал бол тэр үеийн жирийн уурхайчны хүүхэд бүрийн өдөр тутмын дэглэм байсан. Гэхдээ одоо тэр үеэс  өөр болсон. Та бүхэн хичээвэл илүү их боломж бий. Эрдэм номдоо шамдан суралцаж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт гаргаж байгаа суралцагчдыг гадаад дотоодын их дээд сургуульд суралцуулах ажлыг бид зохион байгуулж байгаа. Өнгөрсөн жилд миний нэрэмжит магистрын 6 тэтгэлэг зарлагдсан. Үүнд Налайхаас 3 хүүхэд тэнцэж гадаадад суралцахаар явсан.  Тэнцсэн хүүхдүүдийн хувьд сургалтын тэтгэлэгт хамрагдаж, байр хоол нь үнэгүй. Сургуулиа амжилттай төгсөөд аль ч улсад ажиллахад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний боловсон хүчин болно. Энэ жил тэтгэлэгт хөтөлбөрийг үргэлжлүүлэн явуулна. Өнөөдөр эхэлж байгаа энэ лекц семинар бол энэ бүхний эхлэл гэж ойлгож болно" гэв.
 
Мөн Нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир "Хязгаар үгүй мөрөөд" сэдвээр МСҮТ-ийн сурагч,  оюутан, залуучуудад хандан зөв хүн болон төлөвших, хүсэл мөрөөдлийнхөө төлөө зориг, зүтгэл гарган ажиллах, мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар лекц уншив. Уулзалтын төгсгөлд  Налайх дахь МСҮТ-ийн захирал Ц.Сонгууль НИТХ-ын дарга С.Амарсайханд сургуулийнхаа номын сан, багш сурагчдын бүтээлийн дээжээр гаргасан музей, үйлдвэрлэл болон  сургалт технологийн танхим зэргийг танилцууллаа. 
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ