УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн нэрэмжит “Алтай-2018” олимпиад боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-03-26 17:27:15
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн багш, сурагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, оюуны чадварыг бэхжүүлэх, боловсролын түвшинг улсын хэмжээнд ахиулах зорилгоор  УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийн нэрэмжит “Алтай-2018” олимпиад энэ сарын 25-ны өдөр болж, өнөөдөр дүн нь гарлаа. 
Уг олимпиадыг аймгийн ЗДТГ, Болосврол, соёл урлагийн газар хамтран Ерөнхий боловсролын сургуулиудын багш, сурагчдын ангилал тус бүрийг хоёр үе шаттайгаар зохион байгуулсан байна. Эхний шатанд аймгийн ЕБС-ийн нийт багш, сурагчид хамрагдаж хамгийн өндөр оноо авсан нэг багш, нэг сурагч хоёрдугаар шатанд сургуулиа төлөөлөн өрсөлджээ. Энэ жилийн олимпиадын хоёрдугаар шатанд нийт 273 багш, сурагчид математик, англи хэл, нийгмийн ухааны хичээлүүдээр мэдлэг, чадвараа сорин амжилттай оролцсон юм. 
Шагналын хувьд нэгдүгээр байрт шалгарсан багшийг 120.000, хоёрдугаар байр эзэлснийг 90.000, гуравдугаар байры эзнийг 60.000 төгрөгөөр шагнаж урамшуулсан бол нэгдүгээр байрын сурагчийг 90.000, хоёрдугаар байр 70.000, гуравдугаар байр 50.000 төгрөгөөр тус тус урамшуулсан байна.
Энэхүү олимпиадыг зохион байгуулснаар сурагчдын бүтээлч сэтгэлгээ, оюуны чадвар нэмэгдэж, улсын олимпиадын амжилт дээшилж байна хэмээн аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын ахлах мэргэжилтэн Д.Амгалан онцоллоо.
 
Э.Нарэнгэрэл
 
Холбоотой мэдээ