Шүүхийн ёс зүйн хороо шүүгчтэй холбоотой 202 гомдлыг шийдвэрлэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-03-26 14:37:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШЕЗ-өөс сар тутам зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн бага хурлын эхэнд ШЕЗ-ийн байранд Хэргийн хөдөлгөөний удирдлагын мэдээллийн төвийн нээлт болов.
Нээлтэд ШЕЗ-ийн дарга Н. Лүндэндорж болон Удирдах зөвлөлийн гишүүд  оролцлоо. Дараа нь Шүүхийн ёс зүйн хорооны дарга Н.Эрдэнэцогт,  Шүүхийн ёс зүйн хорооны Ажлын албаны дарга  Н.Ганбаатар нар "Шүүгчийн ёс зүй, хариуцлага" сэдвээр мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулав.
Хэвлэлийн бага хуралд Булган, Говь-Алтай, Төв аймгийн шүүхийн Тамгын газар онлайнаар оролцлоо.
Шүүхийн ёс зүйн хороо 2017 онд шүүгчийн ёс зүй, хариуцлагатай холбогдуулан 305 шүүгчид холбогдох 197 гомдол хүлээн авсан.Өмнөх онтой харьцуулахад гомдолд хамаарах шүүгчийн тоо 8.5 хувиар, гомдол 6.6хувиар буурчээ.
Шүүхийн  ёс зүйн хороо 2017 онд нийт 202 гомдол шийдвэрлэжээ. Үүнээс 163 буюу 80.5 хувьд шүүгч ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй тул сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан аж. Мөн 27 буюу 13.3 хувьд нь сахилгын хэрэг үүсгэж, 12 буюу  5.9 хувийг нэгтгэж, 10 гомдол буюу 4.9 хувьд нь албан бичгээр хариу өгөх буюу харьяаллын дагуу холбогдох байгууллагад шилжүүлж 40 гомдлыг шийдвэрлээгүй байна.
Шүүхийн ёс зүйн хороо 2017 онд сахилгын хэрэг үүсгэсэн 27 тогтоолын 14 буюу 51.8 хувьд сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэжээ.
2016 онд 1 шүүгчийн цалинг бууруулах, огцруулах сахилгын шийтгэл ногдуулж байсан бол 2017 онд шүүгчийн цалинг 1-6 сарын хугацаатай 20-30 хувь бууруулах сахилгын шийтгэлийг 3 шүүгчид, сануулах сахилгын шийтгэлийг 4 шүүгчид тус тус ногдуулсан байна. Өөрөөр хэлбэл, 7 шүүгчид сахилгын шийтгэл ногдуулжээ. Үүнээс үзвэл гомдлын тоо буурч байгаа ч сахилгын шийтгэл хүлээсэн шүүгчийн тоо өмнөх оноос өссөн байна. Мөн Шүүхийн ёс зүйн хорооны магадлалыг давж заалдсан 41 шүүгчид холбогдох 29 магадлалыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянаж, сахилгын шийтгэл ногдуулсан 7 магадлалыг хүчингүй болгож 3 магадлалыг хэвээр баталж, нэг магадлалыг өөрчилсөн, сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан 13 магадлалыг хэвээр баталсан байна.
Шүүхийн ёс зүйн хорооны 3 магадлалыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хүчингүй болгосныг Улсын Дээд шүүхийн  Захиргааны хэргийн танхим хянаж, Шүүхийн ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэлтэй гэж магадлалыг хэвээр баталсан нь гомдол шалгах ажиллагаа болон шийдвэрийн үндэслэл сайжирсан гэж дүгнэсэн байна гэж Шүүхийн ёс зүйн хороо, Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ж.Батсайхан
 
 
 
 
 
 

Холбоотой мэдээ