“Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аян эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-03-21 19:51:46
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад зориулж "Ирээдүйн эзэд" мэргэжил сонголтын аяныг 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэл өрнүүлэхээр өнөөдөр нээлтийг нь хийлээ. 
Энэхүү аяны хүрээнд 9-12 дугаар ангийн сурагчид, тэдний эцэг эхчүүдэд зориулсан олон арга хэмжээ зохион байгуулагдах ба өнөөдөр Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад хүүхэд хамгаалалтай холбоотой мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох, өсвөр үе, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн түвшин, хандлага, залуучуудын буруу дадал зуршлын талаар мэдээлэл олгох зорилгоор Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулиуд, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Анагаахын Лицей сургууль хамтран, “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Хамгаалагдсан ирээдүй” уулзалт, сургалт зохион байгуулав. 
Тус арга хэмжээнд 12 дугаар анги төгсч байгаа 590 хүүхэд хамрагдаж, хүүхдийн эрхийн зөрчил түүнд хүлээлгэх хариуцлага, Хүүхэд хамгаалал, Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог, цахим хэрэглээний хор уршиг, Мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, Өсвөр үе, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн түвшин, хандлага, залуучуудын буруу дадал зуршлын талаарх мэдээ мэдээлэл авсан төдийгүй орон нутагтаа мэргэжлээрээ амжилттай ажиллаж байгаа залуучуудтай чөлөөт ярилцлага өрнүүлэв. Тухайлбал, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, “Миний нутаг” телевизийн сэтгүүлч, “Монголын мэдээ” телевизийн аймаг дахь сурвалжлагч Р.Төмөрчөдөр, ЗДТГ-ын дэргэдэх Цэргийн штабын Сургалтын офицер н.Мөнхбаяр нар өөрсдийн мэргэжлийн онцлог хийгээд давуу талын талаар сурагчидтай ярилцсан юм. 
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ