С.Скрипалийг хордуулсан бодисыг тээшинд нуусан гэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-16 10:50:22
ЛОНДОН. /ТАСС/. ОХУ-ын Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипаль болон түүний охин Юлия нарыг хордуулсан мэдрэл саажуулах бодис нь тэднийг Москвагаас Лондон руу нисэхийн өмнө чемоданд нь байжээ. С.Скрипаль нь Их Британийн талд тагнуул хийж байсан нь илчлэгдэж, “Эх орноосоо урвасан” хэргээр ял шийтгүүлж байсан юм.  Энэ тухай “The Telegraph” сонин мэдээлжээ.
 
Тус сонины мэдээлснээр,”Новичок” хэмээх мэдрэл саажуулах хорт бодисыг С.Скрипалийн охин Юлиягийн тээшинд нуусан гэдэгт тусгай албаныхан итгэлтэй байгаа аж. Түүнчлэн түүний хувцас, бэлэг, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг зүйлд хорт бодис шингэсэн байж магадгүй гэсэн хувилбарыг судлахаар мөрдөн байцаалт явуулж байгаа гэнэ.
 
Хэргийг мөрдөн шалгаж байхдааа тус бодист хордсон цагдаагийн ажилтан Ник Бэйли нь С.Скрипаль болон түүний охины хордон ухаангүй хэвтэж байсан газарт биш, тэдний гэрт хорт бодисын нөлөөнд орсон байж болзошгүй хэмээн “The Telegraph” сонин мэдээлсэн байна. Түүнчлэн алуурчид Юлиягийн Москва дахь гэрт нь нэвтэрч, хорт бодисыг түүний тээшинд хийсэн байж болзошгүй гэсэн хувилбарыг мөн дэвшүүлээд байгаа аж.
 
Энэ сарын 4-нд С.Скрипаль болон түүний охин Юлия нар мэдрэл саажуулдаг үл мэдэх бодист хордсон юм. Тэднийг Их Британийн Солсбери хотын “The Maltings” худалдааны төвийн ойролцоо ухаангүй хэвтэж байхад нь олжээ. Тэднийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд одоо биеийн байдал нь тун хүнд байгаа юм. Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй энэ хэрэгт Оросыг буруутгаж байгаагаа энэ сарын 12-нд мэдэгдэж, Зөвлөлт Холбоот улсад бүтээсэн “Новичок” байлдааны хорт бодисоор тэднийг хордуулсан хэмээн батлан хэлээд байгаа юм. Тэрбээр Оросын 23 дипломатыг улс орноосоо гарч явахыг шаардаж, Оросын эсрэг бусад арга хэмжээнүүдийг авч байгаагаа зарласан билээ. Харин Оросын талаас энэ хэрэгт ямар ч холбоогүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.
 Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ