“Эрүүл залуус” аянаар оюутнуудыг урьдчилсан сэргийлэх үзлэгт хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
mn_tuul@montsame.mn
2018-03-15 17:57:19
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу тус дүүргийн нутаг дэвсгэрийн их дээд сургууль, коллежийн оюутнуудыг эрүүл мэндийн боловсрол олгох сургалтад хамруулах “Эрүүл залуус” аян эхэллээ.

Аяны хүрээнд Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийн 1147 багш оюутныг энэ сарын 12-23-нд урьдчилан сэргийлэх үзлэг болон эрүүл мэндийн боловсрол олгох сургалтад хамруулж байна. Тус дүүргийн ЗДТГ, Эрүүл мэндийн төв өнгөрсөн онд энэхүү аяныг ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулж, нийт 2382 хүүхдийг хамруулснаар амьсгалын замын өвчлөл 28 хувь, шүд цоорол 20.9 хувь, чих хамар, хоолой, дайвар хөндийн эмгэг 8.58 хувь, үтрээний үрэвсэл 3.9 хувь, бөөрний үрэвсэл 1.2 хувь, хоол боловсруулах замын эрхтэний эмгэг 1.5 хувь, тэмбүү өвчний гурав, халдваргүй хэлбэрийн сүрьеэгийн нэг, сүрьеэгийн сэжигтэй зургаан тохиолдол илрүүлж хяналтанд авч эмчилжээ.

Манай улсын хүн амын 35 хувийг 15-34 насныхан эзэлдэг. Бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөр өвчилсөн нийт тохиолдлын 42 хувийг 15-24 насныхан эзэлж байгаагаас 14 хувь нь оюутан залуус, ДОХ-ын халдвар авсан иргэдийн 5.7 хувь нь 15-19 насны залуучууд гэсэн судалгаа гарчээ. Тиймээс нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа их дээд сургуулийн дийлэнх нь харьяалагддаг Сүхбаатар дүүргийн хувьд энэ нь зайлшгүй анхаарах асуудлын нэг бөгөөд энэ удаа тус аянд их дээд сургуулийн оюутнуудыг хамруулж буйгаараа онцлог аж.
Д.Сарантуяа

Холбоотой мэдээ