“Новичок” бодис Их Британид үйлвэрлэгдсэн байж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-15 14:07:31
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Манай улс ямар ч “Новичок” гэдэг нэртэй химийн бодис боловсруулах болон шинжлэх ухааны судалгаа шинжилгээ хийгээгүй. Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипалийг хордуулахад ашигласан химийн бодис нь Их Британид үйлдвэрлэгдсэн байж болзошгүй хэмээн ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Василий Небензя НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдааны үеэр мэдэгджээ.
 
Тэрбээр хэлэхдээ “Их Британи улс “Новичок” бодисны томъёог эзэмшдэг гэж үзэх үндэслэл мэргэжилтнүүдэд бий. Өөрөөр хэлбэл Их Британи энэ хэрэгтэй холбоотой бодисыг “Новичок” хий гэдэгт итгэлтэй байгаа бол тэдэнд тус бодисны химийн томъёо болон дээж нь байгаа бөгөөд энэ бодисыг үйлдвэрлэх чадвартай байна гэсэн үг. Энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд бид бэлэн байна. Бидэнд айж эмээх, нуугаад байх зүйл байхгүй. С.Скрипалийг хөнөөх шалтгаан бидэнд байхгүй. Тэр тусмаа ерөнхийлөгчийн сонгууль хийгээд Хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн удахгүй болох гэж буй энэ үед бидэнд ийм хэрэг үйлдэх ашигтай гэж үү? С.Скрипаль болон түүний охиныг хордуулсан хэрэгт манай улс холбоогүй бөгөөд болсон хэргийг Их Британитай хамтран мөрдөн шалгахад бэлэн байна” гэжээ.

Түүнчлэн тэрбээр “Их Британийн эрх баригчдад байгаа тус бодисны дээж болон сорилыг шинжлэн судлахын тулд ОХУ Химийн зэвсэг хориглох байгууллагад хандах шаардлагатай” гэж  мэдэгджээ.
 
Үүний хариуд Их Британиас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Жонатан Аллен “Манай улс энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд цуглуулсан дээжүүдийг Оросын эрх баригчдад өгөх шаардлагагүй. Харин энэ хэргийн учир шалтгааныг олж илрүүлэхийн тулд Оростой хамтран ажиллах хүсэлтэй байна” хэмээн мэдэгдсэн байна.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ