А.Меркель мухардлаас гарсан нь буюу Эвслийн гэрээ

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2018-03-15 10:38:23
ХБНГУ-ын түүхэнд хамгийн урт хугацаагаар буюу 171 хоног сунжирсан улс төрийн хямрал лхагва гарагт төгсгөл болж, Ангела Меркель Холбооны Канцлераар дөрөвдэх удаагаа томилогдлоо.  Түүнийг Канцлераар томилохыг санал хураалтад оролцсон Бундестагийн 364 гишүүн дэмжиж, 315 гишүүн эсэргүүцэж, 9 гишүүн түдгэлзсэн байна.
 
Германчууд засгийн газраа байгуулж чадалгүй хагас жил болсон нь дэлхийн II дайны дараа байгуулагдсан ХБНГУ-ын түүхэнд анх удаа тохиолдож буй “хачин жигтэй” үйл явдал юм. Хэдийгээр уйтгартай ч гэсэн улс төрийн тогтвортой байдлыг германчууд эрхэмлэсээр ирсэн билээ. Олон арван жилийн туршид улс орон нь тогтвортой хөгжсөөр ирсэн явдал нь тэдний бахархал байсан бөгөөд энэхүү бахархлыг тээгч нь Ангела Меркель байлаа.

Герман улсын түүхэнд Отто фон Бисмарк, Конрад Аденауэр, Хельмут Коль гэсэн гурван хүн Канцлерын албан тушаалыг тус бүр дөрвөн удаа хашиж байсан бол энэ удаад тэдэн дээр А.Меркель нэмэгдэж байна. ХБНГУ-ын Үндсэн хуульд зааснаар бол, сонгогчид нь дэмжиж л байвал Холбооны Канцлерын албан тушаалыг нэг хүн хэдэн ч удаа хашиж болдог байна. Ийм байдлаар нэг хүн засгийн эрхийг удаан хугацаагаар уйдтал нь барьж байгаа нь бидний хувьд ой тойнд багтамгүй зүйл бол харин германчууд үүнийг “ардчилсан зарчим хумигдаж байна” гэж огт үздэггүй нь хачирхалтай.

Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд дэлхийн улс төрд гэнэтийн өөрчлөлтүүд гарч, АНУ-д Д.Трамп Ерөнхийлөгч болж, Их Британи улс Европын Холбооноос гарч, Францын Ерөнхийлөгчийн сонгуульд хэт барууны үзэлт Марин Ле Пен, Голландын парламентын сонгуульд Эрх чөлөөний намын тэргүүн Герт Вилдерс нар олон тооны санал авч дэлхийн дахиныг шуугиулсан билээ.  Ийм учраас Европын Холбоо төдийгүй дэлхий даяараа Германы парламентын сонгуулийн явц болон түүний дараа засгийн газрыг бүрдүүлэх үйл явцыг хагас жилийн турш анхааралтай ажиглан харж байлаа.  

Ингээд 2017 оны 9 дүгээр сарын 24-нд болсон Германы Бундестагийн сонгуулийн дараа парламент дахь хүчний харьцаа хэрхэн бүрдсэнийг эргэн сануулъя.

-Христосын ардчилсан холбоо/Христосын нийгмийн холбоо эвсэл 246 суудал буюу нийт суудлын 33 хувь
-Германы Социал-демократ нам 20,5 хувь буюу 153 суудал
-Германы төлөөх өөр сонголт нам 12,6 хувь буюу 93 суудал
-Германы Чөлөөт ардчилсан нам 10,7 хувь буюу 80 суудал
-Зүүний социалист нам 9,2 хувь буюу 69 суудал
-Ногоон нам 8,9 хувь буюу 67 суудал тус тус авсан билээ.

Бундестагт төлөөлөлтэй болж чадсан эдгээр намуудын аль нь ч засгийн газрыг эмхлэн байгуулахад шаардлагатай тооны суудал аваагүй учраас ХАХ/ХНХ эвслийнхний хувьд бусад намуудтай хамтран эвслийн засгийн газар байгуулахаас өөр аргагүйд хүрсэн.
 
Гэтэл сонгуульд амжилтгүй оролцсон социал-демократууд "христосынхонтой эвсэн ажиллаж чадахгүй "гэдгээ мэдэгдсэн байна. Иймээс оны сүүлчээр Меркель шинэ түншүүдийн эрэлд гарч, Чөлөөт ардчилсан нам болон Ногоон намтай хамтран засгийн газраа бүрдүүлэх гэж оролдсон нь бүтэлгүйтжээ.

Меркелийн хувьд, парламентын цөөнхөөс бүрдсэн засгийн газар байгуулах боломж байсан юм. Тухайлбал, ХАХ/ХНХ ба Ногоон намаас бүрдсэн хамтарсан засгийн газар гэх мэт. Германы Үндсэн хуулиар бол энэ нь боломжит хувилбар юм. Гэхдээ эл тохиолдолд парламентад олонх болж үлдсэн намууд дуртай үедээ засгийн газрын шийдвэрийг хясан боогдуулдаг муу тал бий.

Ийм учраас дахиад л ГСДН-тай тохиролцохоос аргагүйд хүрч, маш хүнд хэцүү хэлэлцээ хийсний үр дүнд энэ сарын 12-ны өдөр ХАХ/ХНХ ба ГСДН хоёр Эвслийн гэрээ байгуулж, шинэ засгийн газрыг хамтран байгуулахаар шийдвэрлэжээ. Ер нь бол ХАХ/ХНХ ба ГСДН оролцсон эвслийг уламжлал ёсоор “Их эвсэл” гэж нэрлэж заншсан бөгөөд уг эвсэл өмнөх 4 жилийн хугацаанд Герман улсыг удирдсан билээ.



Эвслийн гэрээ ба “Европын шинэ өрнөл хөгжил”

Меркелийн нам болон социал-демократуудын хооронд санал зөрүүтэй хэд хэдэн асуудал бий. Тэдгээрээс хамгийн ихээр зөрчил үүсгэж байгаа нь цагаачид, дүрвэгчдийн асуудал юм. Тодруулбал, Меркелийн нам цагаачдын тоог жилд 200 мянга болгон хязгаарлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа бол социал-демократууд “хязгаарлалт тогтоох нь хүний эрхийг зөрчиж буй хэрэг” гэж үздэг. 

Гадаад бодлогын тал дээр хоёр намын байр суурь үндсэндээ ойролцоо төстэй боловч социал демократуудын хувьд Орос улстай харилцаагаа сайжруулахыг чухалчлан үздэг байна. Тэдний хувьд Оросын эсрэг хориг арга хэмжээг үе шаттайгаар зөөлрүүлэхийг дэмждэг. Гэхдээ хоригийг сулруулах нь социал-демократуудаас төдийлөн хамаарахгүй бөгөөд асуудлыг хэрхэн шийдэх нь Германы Канцлер болон Европын Холбооны удирдлагаас голчлон шалтгаална.

Юутай ч энэ бүх санал зөрөлдөөнөө даван туулж чадсан гурван намын төлөөлөгчид “Эвслийн гэрээ” байгууллаа. Ингээд уг гэрээнд тусгагдсан асуудлуудыг ач холбогдлоор нь дараалуулан дурдваас, Европын Холбооны асуудал ойрын хэдэн жилдээ хамгийн гол нь байх нь. Гэрээний 1 дүгээр бүлэгт тусгагдсан “Европын шинэ өрнөл хөгжил” гэдэг хэсэгт Европын интеграцийн төслийн онцгой өвөрмөц байдал болон ЕХ-ны өмнө тулгарч буй сорилтууд, тухайлбал, цагаачлалын хямрал, Их Британи улс ЕХ-наас гарахаар шийдвэрлэсэн болон холбоонд хийх шинэчлэлтэй холбоотой асуудлуудыг дурдсан байна.

Хоёрдугаарт, ЕХ-ны төсвийн шинэчлэлийн үзэл баримтлалыг эвслийнхэн дэмжлээ. Шинэчлэлийн гол зорилго нь санхүүгийн эрсдэлүүд бий болсон тохиолдолд шуурхай хариу арга хэмжээ авах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад шаардлагатай хөрөнгө мөнгийг хуримтлуулан байршуулахад чиглэжээ.

Тухайлбал, өмнө нь ажиллаж байсан Европын тогтворжуулалтын механизмыг /ESM/ Европын валютын сан /ЕВФ/ болгон шинэчлэн өөрчлөх тухай асуудал гэрээнд тусгагдсан байна. Энэ бол зөвхөн нэр өөрчилсөн төдий биш юм. Тодруулбал, аль нэг улс оронд санхүүгийн тусламж олгох тухай ESM-ээс гаргасан шийдвэрт Бундестаг хориг тавьдаг байсан бол одоо ЕВФ ийм зөвшөөрөл, хориггүйгээр зээл олгож болно.

Эвслийн гэрээний 1 дүгээр бүлэгт тусгагдсан зарчмын гол заалт бол “ЕХ-ны төсөвт Герман улс өмнөхөөс илүү хэмжээний татвар төлөхөд бэлэн байна” гэсэн өгүүлбэр юм. Өөрөөр хэлбэл, Их Британи улс гарсны дараа тус холбоо зардлаа танахгүй гэсэн үг.      

Гэхдээ энэ бол өөрийгөө умартан өрөөлийг энэрэх гэсэн Германы засгийн газрын өгөөмөр сэтгэл биш юм. Берлиний эрх баригчдын үзэж байгаагаар, нэгдэн нягтарсан, хүчирхэг Европын Холбоо нь өнөөдрийн дэлхий ертөнцөд тэсэн тогтож, холбоонд нэгдсэн улс орнуудын эрх ашгийг хамгаалж чадна. “АНУ-ын зүгээс шинэ өнгө аястай бодлого явуулж, Хятад улс хүчирхэгжиж байгаа болон Оросын явуулж буй бодлого нь Европ тивийнхэн хувь заяагаа гартаа авах нь зүйтэй гэдгийг харуулж байна” хэмээн Эвслийн гэрээнд онцлон тэмдэглэжээ.

Орос улс ба ЕХ-ны хоригийн тухайд
 
Эвслийн гэрээний 12 дугаар бүлгийн 4 дүгээр хэсэгт дурдсаныг үзвэл “Орос улс Крымыг өөртөө хавсарган нэгтгэж, Украины зүүн нутагт болж буй үйл явдалд хөндлөнгөөс оролцсоноороо олон улсын эрх зүй, Европ тивд тогтсон дэг журмыг зөрчиж байна” гэжээ.

Герман улс нь Франц улсын хамтаар Минскийн тохиролцоог хэрэгжүүлж, Украины хямралыг зохицуулахад тус дөхөм үзүүлэх эрмэлзэлтэй байгаа бөгөөд хямралын бүсээс хүнд зэвсэг техник, анги нэгтгэлүүдийг гаргах нь зүйтэй гэж үзэж байна. Түүнчлэн Донбасст энхийг сахиулагчдыг оруулах нь зүйтэй гэж үзжээ. Цэнхэр дуулгатнуудыг нэвтрүүлэхийг социал-демократууд идэвхтэй дэмжиж байгаа юм. Эвслийн гэрээ байгуулах хэлэлцээний явцад тэд “энхийг сахиулагчдыг нэвтрүүлсний хариуд Оросын эсрэг ЕХ-ны хоригийг хэсэгчлэн цуцлах” тухай заалтыг дүнгийн баримт бичигт тусгахыг санал болгосон боловч уг саналыг хүлээж аваагүй байна.
 
Хүүхдүүд, өндөр настнууд болон дүрвэгчдийн асуудлаар
 
Шинээр байгуулагдах Меркелийн засгийн газар хүүхдүүдэд сар бүр олгодог тэтгэмжийн хэмжээг 25 еврогоор нэмэгдүүлэх шийдвэр гаргахаар болсон байна. Одоогоор гэр бүлийн эхний хоёр хүүхдэд тус бүр 194 евро, гуравдахь хүүхдэд 200 евро, дөрөвдэх хүүхдээс эхлэн тус бүрд нь 225 евро олгож байгаа аж.
 
Өндөр настнуудын хувьд, 2025 он хүртэлх хугацаанд тэдний тэтгэврийн хэмжээ одоогийн авч буй цалингийн 48 хувиас буурахгүй, одоо ажил эрхэлж буй хүмүүсийн хувьд, тэдний Тэтгэврийн санд төлөх шимтгэлийн хэмжээ орлогынх нь 20 хувиас хэтрэхгүй гэдэг нь баталгаатай болжээ.
 
Германы томоохон хотуудад орон сууцны төлбөр өсч байгаатай холбогдуулан шинэ засгийн газрын зүгээс өрх айлуудад өөрийн гэсэн бэлэн орон сууцтай болоход нь туслахаар болсон байна. Тодруулбал, хэрвээ тухайн өрхийн жилийн орлого 75 мянган еврогоос хэтрэхгүй бол эхний 10 жилийн хугацаанд хүүхэд тус бүрт нь жилд 1200 евро дээр нь бүх хүүхдэд нь 15 000 евро олгох аж.
 
2015-2016 оны дүрвэгчдийн хямралыг даван туулахын тулд цагаач, дүрвэгчдийн тоог жилд 180-200 мянгаас хэтрүүлэхгүй байхаар Эвслийн гэрээнд заасан нь олон германчуудыг баярлуулах нь. Түүнээс гадна, нэгэнт Германд ирчихээд байгаа дүрвэгчдийн гэр бүлийнхний 1000-аас дээшгүй тооны хүнийг тус улсад нэвтрүүлэхээр зөвшөөрчээ.   
 
Б.Адъяахүү
Эх сурвалжууд: DW.COM /DEUTSCHE WELLE/, TASS.RU, BBC.COM,  
Холбоотой мэдээ