Аймгийн Засаг дарга сумдад ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-03-11 09:36:29
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин  гуравдугаар сарын 10-11-нд аймгийн өмнөд нутаг болох Хатанбулаг, Хөвсгөл зэрэг  суманд ажиллаж байна.
Тэрээр иргэдтэй уулзаж 2017 онд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлууд хийгээд 2018 онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл өгч өвөлжилт, хаваржилтын байдал болон бусад цаг үеийн асуудлаар малчид ард иргэдийн санал хүсэлтийг сонслоо.
“Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Монгол Улсад анх удаа Замын-Үүд суманд БНХАУ-руу бог мал, махан бүтээгдэхүүн экспортлох төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Төслийг “Болор Гантиг” ХХК хэрэгжүүлж буй бөгөөд ирэх долдугаар сараас бог малыг экспортолж эхэлнэ. Экспортод гаргаж буй нийт мал, махан бүтээгдэхүүний 15 хувийг Дорноговь аймгийн компанид квот өгч гаргуулна. Ингэснээр малчдын орлого нэмэгдэж, амьдрал ахуйгаа дээшлүүлэх боломжтой болно. Харин малчид малын тоонд биш чанарт анхаарах шаардлагатай"  гэж Засаг дарга онцлов.
Хатанбулаг сум 2017 онд нийт 228 мянган толгой мал тоолуулсан бөгөөд үүний 55 хувь буюу 120 мянга гаруй нь зөвхөн ямаа.  Өвөл өнөтөй орсон ч өнгөрсөн онд хур бороо багатай зуншлага тааруу байснаас үүдэж  малын бэлчээр хомсдож,  идэш тэжээл багассан талаар малчид ярилаа.
2017-2018 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилд аймаг, сумын өвс тэжээлийн нөөцийг 100 хувь бүрдүүлснээс гадна нэмэлтээр сум дундын өвс тэжээлийг нөөцийг бүрдүүлж, малчдад 15-20 хувийн хямдралтай үнээр өвс олгосон гэж албаны хүн өгүүлэв.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ