Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд зориулж хандив босгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2018-03-07 16:00:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд НҮБ-ын Хүн амын сан болон Монголын энтрепренёр эмэгтэйчүүд ТББ хамтран гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд зориулсан хандивын өдөрлөгийг өнөөдрөөс эхлүүллээ.

Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалах 6 түр байр, нэг цэгийн үйлчилгээний 4 төв ажилладаг. Харин НҮБ-ын Хүн амын сангаас дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг нэг цэгийн үйлчилгээний төв нь сэтгэл зүйн болон хууль эрх зүйн зөвлөгөө, нийгмийн халамжийн үйлчилгээ, эрүүл мэндийн тусламж, түр хоргодох байр бүхий цогц үйлчилгээ үзүүлдэг байна. Уг төвөөр өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 2000 гаруй хохирогч үйлчлүүлсэн бөгөөд үйлчлүүлэгсдийн нэлээдгүй хувь нь өргөн хэрэглээний эд бараагаар дутагддаг аж. Иймд Монголын энтрепренёр эмэгтэйчүүд ТББ-аас залуу уран бүтээлчдийн уран зургийн үзэсгэлэн болон “Хатан” коллекцийн бүтээгдэхүүнийг борлуулах "Монгол хатад" арга хэмжээг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд эхлүүлсэн юм.  

Монголын энтрепренёр эмэгтэйчүүд ТББ-ын үндэслэн байгуулагч, удирдах зөвлөлийн дарга Э.Азжаргал, “Хатан” коллекцийн арга хэмжээнээс олсон ашгийнхаа тодорхой хувийг НҮБ-ын Хүн амын сангаас дэмждэг нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлдэг иргэдэд зориулж өргөн хэрэглээний бараа худалдан авахад зарцуулна. Үүгээрээ бид  хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд туслах, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэхээр зорьж байна” гэлээ. Хандивын өдөрлөг энэ сарын 8-ныг дуустал гарах юм.
Д.Сарантуяа

Холбоотой мэдээ